Коронавирусын халдварын далд үе 14 хоног үргэлжилдэг

БНХАУ-д Коронавирусын халдварын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо хамгийн сүүлийн үеийн тоо мэдээллээр 80 болж нэмэгдсэний зэрэгцээ тус вирусээр өвчилсөн хүмүүсийн тоо 3000 орчимд хүрээд байгааг  албаны эх сурвалжууд мэдээллээ. Улмаар БНХАУ-ын эрх баригчдын зүгээс цагаан сарын баяраас үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор цагаан сарын баярт зориулсан амралтын хугацааг ням гарагийг хүртэл гурван өдрөөр нэмж сунгах шийдвэр гаргажээ. 

Халдварын тархалт өндөр байгаа Ухань хот болон бусад хотуудаар хөл хорио үргэлжилж байгаа бөгөөд халдварын тархалтыг бууруулах, халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор хагас сая гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн Хубэй мужид ажиллаж байгааг албаныхан мэдээлж байна. Одоогоор нас барсан 80 хүний 76 нь Хубэй мужид бүртгэгдээд байгаа юм. 

Хятад улсын мэргэжилтнүүдийн зүгээс халдварын далд үеийг 1-14 хоногийн  хугацаатай  үргэлжилж байгааг тогтоосон бөгөөд энэ нь халдварыг цааш тархахад хүчтэй нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулж байна. Одоогийн байдлаар Хятад улсаас гадна Коронавирусын халдвар албан ёсоор бүртгэгдсэн 10 гаруй орон байгаагаас АНУ-д 5, Япон, Тайланд, Австрали, Сингапурт тус бүр 4, Өмнөд Солонгос, Франц, Малайз улсуудад тус бүр 3 тохиолдол бүртгэгджээ.

Эрдэмтдийн зүгээс энэхүү цоо шинэ төрлийн Коронавирусын халдварыг анх Ухань хотын далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болоод зэрлэг ан амьтан худалдаалдаг захаас гарсан хэмээн үзэж байгаа бөгөөд одоогоор энэхүү вирус нь хүнээс хүнд агаар дуслын замаар халдварладаг болох нь тогтоогдоод байгаа юм.

Хэдийгээр эрдэмтэд энэхүү вирусын  эсрэг вакциныг гаргаж авах ажлыг аль хэдийн эхлүүлээд байгаа ч тохиромжтой вакциныг бүтээж, улмаар вакцинжуулалтын аяныг эхлүүлэх хүртэл дор хаяж нэг жилийн хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд мэдээлж байна.