Нийгмийн даатгал, Тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал солилцлоо

Өнгөрсөн онд нийгмийн даатгалын хувь хэмжээ нэмэгдэх болсонтой холбогдуулан иргэд нийгмийн даатгалын тогтолцоо иргэдэд өгөөжгүй байдаг талаар шүүмжилж байсан.

Ялангуяа насаараа төлсөн Нийгмийн даатгал, Тэтгэврийн даатгалын шимтгэл ахмад настнуудад үр өгөөж муутайг онцолж байсан юм. Өнөөдрийн байдлаар манай улсад нийгмийн даатгалын сангаас 410 мянга гаруй иргэн тэтгэвэр авч байгаагаас 310 мянга гаруй ахмад настан өндөр настны тэтгэвэр авч байгаа юм. Эдгээрийн 90 гаруй хувь нь бага тэтгэвэр авч байгааг Монголын ахмадын холбооноос хэлж байгаа бол, ахмадуудын авч байгаа тэтгэвэр тэтгэмж амьжиргаанд хүрэлцдэггүй учраас зээл хэлбэрээр авч байгааг Монголын үйлдвэрчний холбооноос онцолж байна. Тиймээс цаашид тэтгэврийн  даатгалын тогтолцоог боловсронгуй болгох нийгмийн шаардлага үүсээд байгаа юм.

Манай улсын даатгалын тогтолцоогоор даатгуулагч ажиллах хугацаандаа шимтгэлд төлсөн мөнгөө 130 насалж байж буцааж эдлэх тооцоо байгааг эдийн засагч судлаачид тооцон гаргасан байдаг. Гэтэл зарим ус оронд Нийгмийн даатгалын тогтолцоог даатгуулагчдаа ээлтэйгээр хүүтэй нь хадгалж ашиг хүртэх, даатгуулагч нас барахад өв залгамжлуулах зэрэг тогтолцоонд хэдий нь шилжсэн байдаг байна.