Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна

Манай улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал анх 1998 онд хуульчлагдсан.  Тэгвэл 20 жилийн өмнө батлагдсан, 4 зүйлтэй хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиа эргэн харж, шинэчлэн найруулахаар болоод байгаа юм. Ингэхдээ хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалттай болох, мэдээллийн эх сурвалжийг хамгаалах, сэтгүүлчийн мэргэжлийн алдаа болон ёс зүйн алдаа зэрэг одоо тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэхээр зорьжээ.

Хуулийн төсөлд 1998 онд батлагдсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн суурь үзэл баримтлал бүрэн агуулагдана. Одоогоор хуулийн төслийг эцэслэн боловсруулаагүй ч хэвлэл мэдээллийн байгууллагуудаас удаа дараа санал аваад байгаа юм байна. Мөн бусад улс орны сайн туршлагаас судалсны үндсэн дээр энэ хавар УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж амжихгүй тохиолдолд намрын чуулган гэхэд хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалттай,  шинэчлэгдсэн хууль эцэслэгдэнэ.