Зах худалдааны төвд бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт хэвийн байна

Коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор улс болон Нийслэлийн онцгой комисс, Засгийн газар хуралдаж шаардлагатай арга хэмжээг авч сургууль цэцэрлэг, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа арга хэмжээнд хөл хорио тогтоосон. Харин зах худалдааны төвүүдийг хаах арга хэмжээ  аваагүй. Тэгвэл иргэдийн дунд зах худалдааны төвийг хаана гэсэн ташаа мэдээлэл тарснаас үүдэж  иргэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж байна гэх мэдээлэл олон нийтийн дунд гараад байгаа ч зах худалдааны төвд худалдан авалтын эрэл нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна.  Нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байжээ. Тухайлбал энэ сарын 22-ны өдрийн байдлаар Хонины мах 8200-9000 төгрөг, Үхрийн мах 10-12 мянга, Адууны мах 8000 төгрөг байсан бол энэ сарын 28-ний байдлаар Хонины мах 9-10 мянга, Үхрийн мах 11-13 мянга, Адууын мах 9000 төгрөг болж өссөн үзүүлэлттэй байна. Эрэлт нийлүүлэлт хэвийн байгаа ч махны үнэ нэмэгдсэн болохыг иргэдийн төлөөлөл ярьж байна.

Тэгвэл гурилын үнэ энэ сарын 22-ны байдлаар дээд гурил кг нь 1400 төгрөг, нэгдүгээр гурил 1200, хоёрдугаар гурил 1000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол энэ сарын 28-ны байдлаар дээд болон нэгдүгээр гурилын үнэ хэвээрээ, хоёрдугаар гурил кг нь 900 төгрөг болсон байна. Худал ташаа мэдээллээс үүдэж зах худалдааны төвд барааны хомсдол үүсээд байгаа гэдэг нь ташаа мэдээлэл болохыг зах худалдааны төвөөс онцолж байна.

Олон нийтийн цахим сүлжээнд тараад байгаа зах худалдааны төвд бараа бүтээгдэхүүний хомсдол үүссэн гэдэг мэдээлэл гарсан. Харин бодит байдал дээр зах худалдааны төв дээр нөхцөл байдал хэвийн байна.

Шинэ Коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ, сургалтын төв, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авалт нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй. Гэвч үүнийг дагаад ашиг хонжоо хайж үнийн хөөргөдөл үүсгэж байгаа нь дарамт болж байгааг иргэд онцолж байна.