Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар хувийн хэргээр БНХАУ руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Өнөөдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар хувийн хэргээр БНХАУ руу зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийлээ. Харин Хятадын талд автомашинаа орхисон нүүрс тээврийн жолооч нарыг харьяалах аж ахуйн нэгж, компанийн албан бичгийг үндэслэн, мөн эрдэс баялаг  тээврийн авто машинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ. Мөн БНХАУ-аас манай улс руу зорчих Монгол иргэдийг хоёр улсын хилийн боомтуудаар хэвийн нэвтрүүлэх юм байна.

Засгийн газраас БНХАУ-д гарсан Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан монгол, хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд түр хугацаагаар хязгаарлалт хийх шийдвэр гаргажээ. Энэ хязгаарлалтын дагуу 1-р сарын 28-ны өглөөнөөс эхлэн Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй. Харин монгол, хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу албан ажлаар болон тус улсаар дамжин гуравдагч улс руу зорчих иргэдийг албан байгууллагын шийдвэр, томилолт, аяллын тийзийг үндэслэн, хятадын талд автомашинаа орхисон нүүрс тээврийн жолооч нарыг харьяалах аж ахуйн нэгж, компанийн албан бичгийг үндэслэн, эрдэс баялаг тээврийн авто машинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус тус улсын хилээр нэвтрүүлэхээр болжээ.

Харин гадаад иргэдийн тухайд Монгол улсаас БНХАУ руу зорчих гадаадын иргэдийг хилийн бүх боомтуудаар улсын хилээр нэвтрүүлнэ. Мөн монгол улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих буюу жуулчны "J" ангиллын визтэй Хятад болон гуравдагч орны иргэдийг Монгол улсын агаарын замын "Буянт-ухаа" боомт болон төмөр замын "Замын-Үүд" боомтоос бусад боомтоор нэвтрүүлэхгүй. Монгол улсад зорчих "J" ангиллаас бусад ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг хоёр улсын хилийн боомтуудаар хэвийн нэвтрүүлнэ. Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын сар шинийн баяртай холбогдуулан хил хаасны улмаас манай улсын иргэд ирж чадаагүй. Тиймээс нэгдсэн арга хэмжээний хүрээнд монгол иргэдийг монгол хятадын авто замын боомтоор автобусаар оруулах арга хэмжээг авч эхэлжээ.

Манай улс БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Одоогоор Даян, Байтаг, Сүмбэр зэрэг дөрвөн боомтын үйл ажиллагаа амарсан. Харин үлдсэн 9 боомт буюу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх боомтуудтай засгийн газрын шийдвэр хамааралтай. Харин ОХУ-д Коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа учраас Орос Монголын хил буюу авто замын Алтанбулаг боомтын үйл ажиллагааг одоогоор хязгаарлаагүй байна.