Дэлхийн улс орнууд Ухань хотоос иргэдээ шилжүүлэн авч эхэллээ

Шинэ Коронавирусийн тархалт өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ цаг үед дэлхийн зарим улс орнууд халдварын голомт болоод байгаа Ухань хотоос өөрсдийн иргэдээ буцаан татах арга хэмжээ авч  эхэллээ. Өчигдөр Япон улсын засгийн газар тусгай үүргийн нисэх онгоцуудаа БНХАУ-руу илгээн Ухань хотод хөл хорионд байгаа 600 иргэнийхээ эхний ээлжийн 200 иргэнийг шилжүүлэн авсан бол Франц улсын хүсэлтийн дагуу европын комисс мөн иргэдээ шилжүүлэн авах хүсэлтийг БНХАУ-ын талд дэвшүүлээд байгаагаа мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар Шинэ Коронавирусийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 106-аас 132 болон нэмэгдсэн бол нийт халдвар авсан хүмүүсийн тоо 6000 орчимд хүрээд байгаа нь 2003 оны Сарс вирусийн тархалтаас аль хэдийн давсныг хятадын үндэсний эрүүл мэндийн хороо мэдээлсэн байна. Одоогоор БНХАУ-аас гадна дэлхийн 16 улс оронд Коронавирусын халдварын 60 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаагаас одоогийн байдлаар хүний амь нас эрсдсэн тохиолдол бүртгэгдээгүй талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Япон улсын тухайд дараачийн ээлжийн нисэх онгоцнуудыг БНХАУ-руу илгээн үлдсэн 400 гаруй иргэнээ шилжүүлэн авна гэдгээ мэдэгдсэн бол Өмнөд Солонгосын засгийн газар мөн Ухань хотод хөл хорионд орсон 700 гаруй иргэнээ энэ долоо хоногтоо багтаан нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдээд байна. Тэгвэл вирусийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулаад дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсын эмч, шинжээчдийн багийг Хятад улс руу илгээж, халдвар үүсгэгчийг илрүүлэн, вирусийн тархалтын учир шалтгааныг илүү нарийвчлан тогтоохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.Энэхүү Шинэ Коронавирусийн тархалт нь 7-10 хоногийн дотор оргилдоо хүрч, түүнээс цааш аажмаар буурна хэмээн үзэж байгаагаа өвчний тархалтыг зогсоох судлаачдын багийг тэргүүлж байгаа эрдэмтэн Зон Наншан мэдэгдээд байгаа юм.