АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ойрх дорнодод энх тайван тогтоох төлөвлөгөөгөө танилцууллаа

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр Израил улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ ойрх дорнодод энх тайван байдал тогтоох төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ үеэрээ тэр бээр Израил болон Палестины аль аль нь нийслэл хотоо хэмээн үздэг Иерусалим хотыг Израилын нийслэл хэмээн цаашид ч хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн ч шинээр боловсруулсан төлөвлөгөөний дагуу Палестин улсын газар нутаг одоогийнхоосоо хоёр дахин  нэмэгдэж байгааг онцолсон байна. Түүнчлэн тэрбээр шинэхэн боловсруулсан энэхүү төлөвлөгөө нь Палестин улсад оногдож байгаа хамгийн сүүлчийн боломж гэдгийг анхааруулжээ.

Тус төлөвлөгөөний дагуу Палестин улс газын зурвас, Иордан голын баруун эргээр хоёр салангид газар нутагтай болж байгаа бөгөөд туннел болон агаарын замаар холбох боломжтой болж байгаагаас гадна Иерусалем хотыг бүхлээр нь Израйлийн нийслэл болгож, харин зүүн хагасын тодорхой хэсэгт Палестины улс өөрсдийн нийслэлийг байгуулах боломж олгоно хэмээн заасан байна. Улмаар түүний энэхүү шийдвэрийг Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд, сөрөг арга хэмжээ үзүүлэхээ анхааруулжээ. Түүнчлэн  энэхүү шийдвэрт уурлаж бухимдсан хэдэн мянган Палестинчууд өчигдөр Иордан голын баруун эрэг болон  газын зурвас зэрэг хэд хэдэн газруудад жагсаал цуглаан зохион байгуулж, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг эсэргүүцлээ илэрхийлсэн байна.