БНХАУ-ын Ухань хотод 1000 гаруй ортой эмнэлгийг найман өдрийн дотор барьж дуусгалаа

Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өнөөдрийн байдлаар 17 мянга давж, нас барсан хүмүүсийн тоо 362-т хүрээд байгаа энэ үед халдварын голомт болсон Ухань хотод вирусээр өвчилсөн хүмүүсийг эмчлэх зориулалттай эмнэлэг 8 хоногийн дотор баригдаж дууссан байна.

1000 гаруй ортой, Хуошеншань хэмээх энэхүү эмнэлэг нь өнөөдрөөс эхлэн ашиглалтад орох бөгөөд армийн эмч, мэргэжилтэн тэргүүтэй 1400 гаруй эмч сувилагчийг нэмэлтээр илгээх шийдвэр гаргаснаа Хятад улсын эрх баригчид мэдээлжээ.

Одоогоор БНХАУ-аас гадна тус халдварын тохиолдол бүртгэгдсэн орнуудын эгнээнд ОХУ, Испани, Швед тэргүүтэй улс орнууд нэмэгдсэний дотор Хятад улсаас өөр улсад коронавирусийн халдвараар хүний амь нас үрэгдсэн анхны тохиолдол өнгөрөгч ням гарагт Филиппин улсад бүртгэгдсэнийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Шинэ коронавирусийн энэхүү тархалттай холбогдуулаад АНУ, Австрали улсын засгийн газар сүүлийн 14 хоногт БНХАУ-д зорчсон иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бол ОХУ, Япон, Пакистан, Энэтхэг зэрэг орнуудын зүгээс Хятад улстай хийх тээврийг тодорхой хэмжээгээр хязгаарлах арга хэмжээ авснаа зарлажээ.

Одоогоор Хятад улсад коронавирусийн халдвар авсан нь тодорхой болсон 17 мянга гаруй хүн байгаагаас түүн дээр нэмэгдээд 21 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний дээр 152 мянган хүн эмнэлгийн хяналтад байгааг албаныхан мэдээлсэн байна.

Түүнчлэн энэхүү халдвараар өвчилсөн хүмүүсээс 475 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан бөгөөд Тайланд улсад мөн саяхан хоёр ч хүн эдгэрснийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Тодруулбал шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон 71 настай хятад эмэгтэйд Тайландын эмч нар томууны эсрэг үйлчилгээтэй эмийг дох-ын эмчилгээнд ашигладаг эмүүдтэй хольж эмчилгээ хийсэн бөгөөд 48 цагийн дотор өвчтөний биеэс вирус ор мөргүй арилсан байсныг тогтоосон байна. Улмаар энэхүү гаргаж авсан эмээ лабораторын шинжилгээнд өгч, хариу гарахыг хүлээж байгаагаа Тайландын мэргэжилтнүүдээс мэдэгджээ.