Лондон хотод террорист халдлага гарсны улмаас гурван хүн шархаджээ

Өчигдөр Английн нийслэл Лондон хотын өмнөд хэсэгт хутгатай этгээд халдлага үйлдсэний улмаас хоёр жирийн иргэн болоод цагдаагийн нэг ажилтан шархадсан тухай BBC агентлаг мэдээллээ.

Халдлага үйлдэгч этгээдийн тухайд өмнө нь терроризмтой холбоотой хэргээр 3 жил 4 сарын хорих ял сонсож, улмаар хугацаанаасаа өмнө суллагдсан нэгэн байсан бөгөөд цагдаа нар түүнийг үйлдэл дээр нь буудаж хөнөөсөн тухайгаа мэдээлжээ.

Одоогоор шархадсан гурван хүний биеийн байдал тогтвортой, ямар нэг амь насанд халтай зүйл байхгүй гэдгийг Лондон хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байна.

Энэхүү хэрэгтэй холбогдуулаад их британийн ерөнхий сайд Борис Жонсон терроризмтой холбоотой хэрэг үйлдсэн этгээдүүдэд оногдуулах ял шийтгэлийг нэмэгдүүлж, терроризмоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам чангатгана гэсэн амлалтыг өгсөн байна.

Түүнчлэн тэрбээр халдлагын үеэр түргэн шуурхай ажилласан цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлээд, энэ мэт терроррист үйл ажиллагаатай тэмцэхийн тулд цагдаагийн алба хаагчдын цалин хангамжийг мөн нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Энэхүү халдлагаас хоёр сарын өмнө буюу өнгөрсөн оны 11-р сард мөн л үүнтэй ижил халдлага гарч хоёр хүний амь нас үрэгдэж байсан юм. Тухайн хэргийг үйлдсэн этгээд мөн адил хугацаанаасаа өмнө суллагдсан терроризмын хэрэгтэн байсан бөгөөд Лондон хотын гүүрэн дээр хутгатай халдлага үйлдэх үеэрээ цагдаа нарт буудуулан амь үрэгдэж байжээ.