Шинэ Коронавирусийн халдварын тохиолдол 20.000 давлаа

Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо өнөөдрийн байдлаар 20 мянга 622-т хүрээд байна. Үүнээс 20 мянга 400 гаруй тохиолдол нь БНХАУ-д бүртгэгдсэн бол бусад 25 улс оронд 180 гаруй тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн энэхүү вирусийн улмаас нас барсан хүний тоо 426 болж нэмэгдсэнээс Филиппин улсад нэг, бусад нь бүгд Хятад улсад тэр дундаа халдварын голомт болсон Хубэй мужид бүртгэгдээд байгаа юм.  Одоогоор дэлхийн ихэнх улс орнууд Хятад улстай хийх олон улсын нислэгүүдийг зогсоож, халдвар анх гарсан гэгдэх Ухань хотоос иргэдээ шилжүүлэн авах арга хэмжээ авч байна. Түүнчлэн АНУ-ын захиргаа БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын ямар ч иргэнийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулаад Хятад улсын зүгээс АНУ-ыг зориудаар айдас түгшүүр үүсгэж, нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна хэмээн шүүмжилжээ.

Өнгөрөгч долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргасан ч Хятад улстай хил хаах болоод хорио цээр тогтоох шаардлагагүй гэсэн зөвлөмжийг дэлхийн улс орнуудад хүргүүлсэн юм. Одоогоор энэхүү вирусийн үүсгэгч нь Сарьсан багваахай байх өндөр магадлалтай байгаа бөгөөд эсрэг үйлчилгээ бүхий вакциныг бүтээх ажил эхний үе шатан дээрээ явааг судлаачид мэдээлж байна. Энэхүү вирусийн тархалттай зэрэгцээд Хятадын Ухань хотын ойролцоох Хунань хотод мөн H5N1 вирусээр үүсгэгддэг шувууны томуу дэгдэж, 18 мянган шувууг устгалд оруулсан бөгөөд одоогоор хүнээс хүнд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм байна.