Их Британи Европын холбооны дүрэм журмыг дагаж мөрдөхгүй гэдгээ мэдэгдлээ

Сүүлийн 47 жилийн турш Европын холбооны бүрэлдэхүүнд байсан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс 1-р сарын 31-ны өдөр Европын холбооноос албан ёсоор өрх тусгаарласан. Тэгвэл Их Британийн Европын холбоотой өмнөх жилүүдэд байгуулсан олон талын гэрээ хэлэлцээрээс гарах үйл явц энэ сарын 1-ний өдрөөс албан ёсоор эхэлсэн бөгөөд энэхүү 11 сарын шилжилтийн хугацаанд багтаан Худалдаа, хил гааль, цагаачлал зэрэг асуудлуудаар шинэ гэрээ хэлцэл байгуулах шаардлагатай тулгарч байгаа юм. Үүнтэй холбогдуулаад Их британийн Ерөнхий сайд Борис Жонсон худалдааны асуудлаарх ерөнхий чиг баримжааг өчигдөр танилцуулж,  Европын холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, цаашид европын холбооны дүрэм журмыг мөрдөх шаардлагагүй гэдгийг мэдэгджээ. Учир нь Их Британи Европын холбоог орхисноо Брюссель болоод европын холбооны бусад 27 гишүүн орноос үл хамааран өөрсдийн нөхцөлөөр худалдааны гэрээ байгуулах боломжтой болсон юм. Одоогоос 3 гаруй жилийн өмнө Британийн ард иргэдийн дунд Европын холбооноос тусгаарлагдах ёстой гэсэн үзэл санаа хүчтэй дэлгэрч, улмаар олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр иргэдийн 52 хувь нь бие даасан, тусгаар улс байх ёстой гэсэн сонголтыг дэмжсэнээр Брекситийн үйл явц эхэлсэн түүхтэй. Тэгвэл Их Британи ийнхүү Европын холбоог орхисноор, төлбөр болгож европын холбооны санд 60 орчим тэрбум еврог үе шаттайгаар төлөх үүрэг хүлээгээд байна.