Иргэд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж халдвараас сэргийлэхийг дэмжиж байна

Энэ оны нэгдүгээр сарын 30-нд Улсын Онцгой комиссын хурлаар Төрийн золголт, Нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт болон сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг хориглосон. Харин сар шинийн баяраар иргэдийг хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг Улсын онцгой комиссоос зөвлөсөн байдаг. Шинэ Коронавируисийн халдвар тархах өндөр эрсдэлтэй Манай улсын хувьд үндэсний томоохон тэмдэглэлт баярыг тэмдэглэх эсэхэд иргэд янз бүрийн байр суурьтай байгаа ч эрүүл мэнд аюулгүй байдлаа хангасан нь дээр гэдгийг иргэдийн зүгээс онцолж байна. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс шинэ Коронавирусийн халдварын эрсдэлээс гадна амьсгалын замын халдварт өвчин, томуу томуу төст өвчний дэгдэлт ихсэх эрсдэлтэй байгааг мэдээлж байна. Тиймээс сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, 5 хүртэлх насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байх, золголт хийхдээ гар барьж, үнсэхгүй байх зэрэг зөвлөмжийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хүргүүлж байна.