Иргэний байнга оршин сууж байгаа хаягт танихгүй хүн бүртгэгдсэн байвал заавал УБЕГ-т хандах хэрэгтэй

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг ирэх 6-р сарын 24-нд зохион байгуулахаар тов гарсан. Энэ удаагийн УИХ-ын сонгууль нь томсгосон  мажоритар тогтолцоогоор явагдахаар болсон бөгөөд  сонгуулийн тухай хууль нь өмнөх хуулиудаас илүү дэвшилттэй болсон гэж судлаачид үзсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн хуульд иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хэд хэдэн зохицуулалтууд шинээр орсон.

Манай улс УИХ-ын сонгуулийн жилүүдэд УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэн баталдаг нь хэвшил болсон. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуульд шилжилт хөдөлгөөний хугацааг сунгаснаас гадна сонгогч шилжих тухай заалтууд орсон юм. Өмнөх хуулиудаар ямар тохиолдолд сонгогч шилжих талаар тодорхой заагаагүй байсан. Тэгвэл энэ удаагийн хуулиар нийт 7 субъект шилжилт хөдөлгөөн хийх тухай зохицуулжээ. Мөн өмнө нь эмнэлэг, сувилалд хэвтэх гэж байгаа хүмүүс,урьдчилан хорих төвд хоригдсон иргэдэд зөөврийн хайрцгаар санал авдаг байсан бол бүртгэлийн  шинэ зохицуулалт хуульд тусгагджээ.

Харин иргэдийн хувьд 2р сарын 1-с 6р 24-ыг дуустал хугацаанд шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон бөгөөд УБЕГ-с иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох тухай тушаал гарсан байдаг. Манай улс 3,3 сая иргэнтэй бөгөөд сонгуулийн насны 2,1 сая иргэнтэй. Гэвч эдгээр иргэд дунд нэр давхцах тохиолдлууд өмнөх сонгуулиудаар гарч байжээ. Манай улс сонгуулийн санал өгөх системийг 2012 оноос хойш ашиглаж ирсэн бөгөөд энэ системийг ашигласнаар нэг хүн хоёр удаа сонгуульд оролцох зөрчил гарахгүй гэлээ.

Өнгөрсөн сонгуулиудаар нэг өрхөд өөр өрхийн бүртгэлтэй сонгогчийн урилга ирэх, нэг өрхөд 10-с дээш оршин суугчтай байх гомдлууд ирж байжээ.  Хэрэв тухайн иргэний байнга оршин сууж байгаа хаягт өөрт мэдэгдэхгүй өөр хүн байвал заавал УБЕГ-т хандах хэрэгтэй. Ийм тохиолдолд тухайн иргэний бүртгэлийг түдгэлзүүлнэ. Ингэснээр зөрчилтэй иргэн улсын бүртгэлийн үйлчилгээ авах эрхгүй болно.