Япон улсад 3700 хүнтэй аяллын хөлөг онгоцноос коронавирусийн халдвар авсан 61 хүн бүртгэгдлээ

БНХАУ-ын Ухань хотоос анх дэгдсэн шинэ коронавирусийн халдвар өдгөө дэлхийн 26 оронд бүртгэгдээд байгаагаас япон улсад энэ долоо хоногийн эхэнд 3700 зорчигчтой хөлөг онгоцноос вирусийн халдвар илэрч, улмаар тус улсад халдвар авсан хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж байна.

Тодруулбал өчигдрийн байдлаар тус хөлөг онгоц дээрээс халдвар авсан хүмүүсийн тоог мэргэжилтнүүд 20 хэмээн мэдээлж байсан бол өнөөдөр 41 халдвар тээгч шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүмүүсийн тоо 61 болж нэмэгджээ. Ингэснээр Япон улсад өмнө нь бүртгэгдээд байсан 25 тохиолдол дээр нэмэгдэн тус улсад нийт халдвар авсан хүмүүсийн тоо 86-д хүрсэн байна.

Одоогоор тус хөлөг онгоцыг Йокохамагийн боомтод саатуулан, хөл хорио тогтоогоод байгаа төдийгүй вирусийн халдвар авсан нь тогтоогдсон хүмүүсийг хөлгөөс буулгаж, ойролцоох эмнэлгүүдэд тусгаарлах арга хэмжээ авч байгаагаа Япон улсын тал мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 31 мянга даваад байгаагаас 636 хүн амь үрэгдсэн бол 1500 гаруй хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан тухай БНХАУ-ын үндэсний эрүүл мэндийн хороо мэдэгдсэн байна.

Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Хятадын элчин сайд шин Хайминь өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улсын засгийн газар шинэ коронавирусийн тархалтыг 10 хоногийн дотор хяналтандаа оруулж чадна гэдгийг мэдэгджээ.