БНХАУ АНУ-ын эсрэг оноосон импортын татварыг хоёр дахин бууруулна

Шинэ коронавирусийн халдварын улмаас эдийн засгийн хүндхэн сорилттой тулгараад байгаа БНХАУ АНУ-ын 1700 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд оноосон импортын татварыг хоёр дахин бууруулахаа мэдэгдлээ.

Тодруулбал Хятад улсын зүгээс АНУ-тай байгуулсан эхний шатны яриа хэлэлцээрийн хүрээнд тус улсын эсрэг оногдуулсан 10 хувийн импортын татварыг 5 хувь, 5 хувийн импортын татварыг 2.5 хувь болгон бууруулах бөгөөд энэхүү арга хэмжээ нь энэ сарын 14-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэдгийг тус улсын албаныхан мэдээлсэн байна.

Одоогоос нэг сар орчмын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын төрийн зөвлөлийн орлогч дарга Лю Хэтэй худалдааны асуудлаарх эхний шатны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, улмаар хоёр орны дунд сүүлийн 2 жил орчим үргэлжилсэн худалдааны дайн намжсан юм.

Тус гэрээний хүрээнд Хятад улс АНУ-ын импортыг ойрын 2 жилийн хугацаанд 2017 оны үнийн дүнгээс 200 тэрбум америк доллароор  нэмэгдүүлж, оюуны өмчийн хуулиа чангатгана гэсэн амлалтыг өгсөн бол үүний хариуд АНУ-ын тал хятадын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулахгүй гэсэн амлалтыг өгчээ.

Хэдийгээр Хятад улсын тухайд одоогоор коронавирусийн халдварын улмаас ихэнх үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа зогсоож, эдийн засгийн өсөлт нь саарах хандлага ажиглагдаж байгаа ч гэрээ хэлэлцээрээр хүлээсэн ийнхүү амлалтаа биелүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь худалдааны маргаантай байдлыг шийдвэрлэхэд маш чухал алхам болж байгааг ажиглагчид онцолж байна.