Капитал банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчийн нэрсийг ирэх 3-р сард зарлана

Өнгөрөгч оны 4-р сарын 8-нд капитал банк цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж татан буугдсан. Үүний дараа Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар капитал банканд эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч, банкны эрх хүлээн авагчийг томилсон юм. Өнөөдөр капитал банк дахь эрх хүлээн авагч 2019 оны 4-р сарын 10-с 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хийгдсэн ажлыг танилцууллаа.

Банкны эрх хүлээн авагч нь ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, хууль эрх зүйн хувьд, зээл, авлага барагдуулах ажил, банкны хөрөнгө худалдан борлуулах, банкны өр төлбөр, иргэн, хуулийн этгээдийн шаардах эрхтэй холбоотой зэрэг ажлуудыг хийсэн байна. Банкийг татан буулгах шийдвэр гарсан ы дараа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан 245 ажилтныг хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаас чөлөөлж нэг сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгожээ. Харин санхүүгийн тайлант хугацаанд капитал банкны эзэмшдэг МИК ХХК-ийн 356,1 ширхэг хувьцааг нийт 4,5 тэрбум төгрөгөөр худалдсан байна. Харин өнгөрөгч 4-р сард жагсаал цуглаан хийж байсан хадгаламж бүхий иргэдийн дунд судалгаа явуулж МИК-с 50 тэрбум төгрөгийн зээл авч иргэдийн хадгаламжийг төлсөн байна. Тодруулбал 20 хүртэлх сая төгрөгийн эзэмшигчдийн мөнгийг болон 500 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэдийн мөнгийг төлсөн. Одоо 30 иргэний мөнгө хүлээгдэж байна.

Тайлант хугацаанд нийт 65 зээлдэгчээс 94,5 тэрбум төгрөгийг нэхэмжлэх шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 6 зээлдэгчийг эрэх сурвалжилж, олдохгүй байгаа зээлдэгчийн барьцаа хөрөнгө, бусад эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж байна. Нийт 211,6 тэрбум төгрөгийн зээлээс 19,5 тэрбум төгрөгийн зээл хэвийн буюу 6-8 хувийн бага хүүтэй зээлүүд багтаж байна. Гэвч тус банкны нийт  217 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 220 гаруй тооны хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд прокуророос эрүүгийн хэргийг шийдэгдтэл битүүмжлэх байр суурь илэрхийлсэн байна. Тус банканд ЭМДЕГ-ын 136,1 тэрбум төгрөг, НДС-ын 104,1 тэрбум төгрөг, хөгжлийн банкны 56,4 тэрбум төгрөг, ЖДҮ-ийн 42,9 тэрбум төгрөг, сангийн яамны 16,8 тэрбум төгрөг, АШУҮИС-ийн 4,1 тэрбум төгрөг зэрэг мөнгө байршиж байсан ч төлбөрийн дарааллын дагуу 4 дүгээрт оруулсан байна.

Гэвч банкны бүх өрийг барагдуулсан ч 200 орчим тэрбум төгрөгийн зөрүүг төлөх асуудал үүсэж байна. Харин нийт өр төлбөрүүдийг барагдуулах хугацааг активууд мөнгөжих  үед эрх хүлээн авах үйл ажиллагаа дуусгавар болно гэлээ.