Бага насны хүүхдийг заавал харгалзах хүнтэй хамт байлгаж аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна

Шинэ Коронавирусийн халдварын дэгдэлттэй холбогдуулан сургууль цэцэрлэгийн насны 900 мянга гаруй хүүхэд гэртээ өнжиж байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар хүүхдийн нийт нас баралтын 16.5 хувь нь ахуйн осол гэмтлээс шалтгаалсан нас баралт байгаа юм. Тиймээс өөрийгөө эрсдэлээс хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг заавал харгалзах хүнтэй хамт байлгаж аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.  Ахуйн осол, бэртэл гэмтлээс шалтгаалсан өвчлөл нь 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааны нэг байсаар байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар нийт хүүхдийн нас баралтын 16.5 хувь нь осол гэмтлээс шалтгаалсан нас баралт байгаа юм. 2020 он гарсаар улсын хэмжээнд 495 удаагийн гал түймэр бүртгэгдэж 16 хүн амь эрсэдсэний 2 нь хүүхэд байна. Хамгийн сүүлд 2020 оны 2-р сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт харгалзах хүнгүй гэртээ цоожтой байсан 1-5 насны 3 хүүхэд ахуйн ослоор амь насаа алдсан харамсалтай явдал болсон. 2018 оны байдлаар осол, гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14 хувийг эзэлжээ. 

Мөн 2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдэлтийн шалтгаанаар 900 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлсэн тоон мэдээлэл байгаа юм. Сургууль,цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор бага насны хүүхдийг харгалзах хүнгүй гэр орон сууцанд цоожлон орхих зөрчил ихсэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагуудаас онцолж байна. Улмаар хүүхэд түлэгдэх, ахуйн осолд өртөж гэмтэж бэртэх, гал түймрийн аюулд өртөх, амь насаа алдах эрсдэл үүсэж байгаа юм.

Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өөрийгөө аюул ослоос хамгаалах чадваргүй бага насны хүүхдийг заавал харгалзах хүнтэй хамт байлгахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.