2019 онд 16.2 тонн алт Монголбанканд тушаасан нь өмнөх оноос 30 хувиар буурчээ

Манай улсын нийт экспортын бүтээгдэхүүний 85 орчим хувийг Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн эзэлдэг байна. Үүнээс  40 орчим хувийг нүүрс эзэлдэг бол  5,5 хувийг хагас боловсруулсан алт эзэлдэг бөгөөд жилдээ төлөвлөсөн экспортын төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж иржээ. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сард экспортын хэмжээ бага зэрэг буурсан байна. Эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс алтны экспорт болон үнэ 2018-с хойш өсөн нэмэгдэж байгаа юм. 2016 оноос хойш алтны экспорт буурсан бол 2018 онд манай улс 3,4 тонн алт ,  2019 онд 9,1 тонн алт экспортолжээ. Харин 2018 онд  20,6 тонн , 2019 онд 21 тонн алт борлуулахаар төлөвлөсөн ч 16,2 тонныг Монголбанканд тушаасан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

2014 онд УИХ-с алтанд оногдуулах АМНАТ-ыг 2,5 хувиар тогтоож, таван жилийн хугацаатай мөрдөхөөр хуульчилсан байдаг. Ингэснээр алт тушаалт өсөж улмаар валютын нөөц өсөн нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлт гарч байсан юм. Гэвч өнгөрсөн оны сүүлээр УИХ-аас гаргасан шийдвэрээр ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтуудыг өөрчилж, ашигт малтмалын нөөц ашигласны албан татварыг нэмэгдүүлж тооцохоор болсон юм. Мөн манай улс 2020 онд алт хайлуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа нь бас нэг шалтгаан болжээ. Сүүлийн үед олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж дэлхийн томоохон улсууд алтны экспортоо хязгаарлаж нөөцөө нэмэгдүүлж эхэлсэн. Тухайлбал ОХУ, БНХАУ алтны нөөцөө нэмэгдүүлж эхэлжээ. Харин манай улс  цаашид алтны экспортоо нэмэгдүүлж, экспортоос олох орлогоо нэмэгдүүлэхийн тулд АМНАТ-ын хувь хэмжээг бодолцох шаардлага үүсэж байна.