Шинэ коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 1000 давлаа

БНХАУ-ын Хубэй мужид шинэ коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 103-аар нэмэгдэж, нийт хохирогчдын тоо 1000 даваад байгаа бол шинээр халдвар авагсдын тоо буурч байгааг Хубэй мужийн эрүүл мэндийн хороо мэдээлсэн байна.

Тухайлбал даваа гарагийн байдлаар коронавирусийн халдвар авсан 2618 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл байсан бол мягмар гарагт харьцангуй буурч 2097 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдлын тоо 42 мянга 200-д хүрсэн байна.

Улмаар халдварын тархалт хэр байгааг тогтоох үүднээс өчигдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд БНХАУ-д очсоныг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Харин шинэ коронавирусийн халдвар дэгдсэн цагаас эхлээд харьцангуй нам гүм байсан БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр халдвар авсан иргэдийн хэвтэн эмчлүүлж байгаа Бээжин хотын эмнэлгийн нөхцөл байдалтай биечлэн танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцсан байна.

Энэ үеэрээ тэрбээр вирусийн тархалтыг зогсоох тал дээр илүү шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байгааг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Коронавирусийн халдварын улмаас амь үрэгдсэн хүний тоо 1000 давснаар 1960-аад оноос хойш гарсан САРС, МЕРС зэрэг халдварт өвчлөлүүдийн нас баралтын үзүүлэлтийг даваад байгаа юм.

БНХАУ-аас бусад улс орнуудын тухайд гэвэл Их Британид өчигдөр 4 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бол, Япон улсад 3700 хүнтэй аяллын хөлөг онгоцноос дахин 65 шинэ тохиолдол илэрч, улмаар нийт халдвар авсан хүний тоо 135 болж нэмэгдээд байна.