БНХАУ-ын Хубэй муж бүртгэлийн аргаа өөрчилсөнтэй холбоотойгоор шинэ коронавирусээр өвчилсөн хүний тоо 60 мянга давлаа

БНХАУ-ын Хубэй мужид шинэ коронавирусийн улмаас нас барсан хүний тоо өчигдөр нэг өдрийн дотор 242-оор нэмэгдсэн бол халдвар авсан хүний тоо даруй 14 мянгаар өссөнийг албаныхан мэдээллээ.

Хэдийгээр Хубэй мужид лхагва гараг буюу өчигдрийг хүртэл халдвар авсан хүний тоо харьцангуй буурч байсан ч нэг өдрийн дотор ийнхүү урьд хожид байгаагүйгээрээ нэмэгдсэн нь шинээр халдвар авсан хүнийг бүртгэх арга өөрчлөгдсөнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна.

Тодруулбал Хубэй мужийн эрүүл мэндийн байгууллагаас өчигдрийг хүртэл Ковид19-өөр өвчилсөн хүмүүсийн тоог зөвхөн оношлуурын тусламжтайгаар бүртгэгдсэн тохиолдлуудад нэмж тооцдог байсан бол одооноос эхлээд клиникийн оношоор илэрсэн тохиолдлуудыг мөн давхар тооцож байхаар болсон юм байна.

Улмаар нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 60 мянга  давж, нас барсан хүний тоо 1368-д хүрчээ.

Хятад улсын эрдэмтдийн зүгээс энэхүү вирусийн эсрэг эмийг өнгөрөгч долоо хоногоос эхлэн туршилтаар ашиглаж эхэлсэн бол тус туршилтын үр дүнг ирэх долоо хоногт танилцуулахаар төлөвлөснөө мэдээлсэн байна.

Харин Ковид19-өөс урьдчилан сэргийлэх вакциныг бүтээх ажлыг яаравчилж байгаа ч хамгийн багадаа 18 сарын дараа гэхэд хэрэглээнд нийлүүлэхэд бэлэн болно хэмээн тооцоолж байгаагаа дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдээд байгаа юм.