БНХАУ-ын Хубэй мужид хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэллээ

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 71 мянга даваад байгаа бол нас барсан хүний тоо 1775-д хүрээд байна.

Улмаар Хятад улсын засгийн газар халдварын тархалтыг зогсоох үүднээс вирусийн голомт болоод байгаа Хубэй мужид хөл хорионы хатуу дэглэм тогтоох шийдвэр гаргасан нь өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.

Ингэснээр тус мужийн 60 орчим сая оршин суугч онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарах нь хориотой болсны дээр автомашин, тээврийн хэрэгслүүдийг тодорхойгүй хугацаагаар зогсоох арга хэмжээ авсан байна.

Гэхдээ хоол хүнс, бусад шаардлагатай ахуйн бараа бүтээгдэхүүн цуглуулах шаардлагатай болсон тохиолдолд өрхийн нэг гишүүнийг гурав хоног тутамд гадагш гарахыг нь зөвшөөрсөн бол эмийн сан, зочид буудал, хүнсний дэлгүүр, эмнэлгийн байгууллагуудаас бусад үйлчилгээний газруудыг хаах арга хэмжээ авчээ.

Түүнчлэн Бээжин хотын удирдлагууд бусад муж, хотуудаас буцан ирсэн хүмүүсийг 14 хоногийн хугацаатайгаар хөл хорионд оруулах шийдвэр гаргасан бол Хятадын төв банк халдвар тарахаас сэргийлж, мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж эхэлсэн байна.

Одоогоор нас барсан хүмүүсийн дийлэнхийг Хубэй мужийн иргэд эзэлж байгаа ч эдгэрсэн хүмүүсийн тоо хурдацтай өсөж байгааг БНХАУ-ын гадаад хэргийн сайд ван и мэдэгджээ.

Хубэй мужийн Ухань хотоос анх дэгдсэн Ковид-19 буюу шинэ коронавирусийн халдвар өдгөө дэлхийн 29 оронд бүртгэгдээд байгаагаас Африк тив дэх анхны тохиолдол Египет улсад  өнгөрсөн баасан гарагт бүртгэгдээд байгаа юм.

Одоогоор БНХАУ-аас гадна ковид19-ийн хамгийн том голомт болоод байгаа Япон улсын даймонд принцесс хөлөг онгоц дээрээс халдвар авсан болох нь тогтоогдсон 355 тохиолдол бүртгэгдэж, АНУ иргэдээ шилжүүлэн авах арга хэмжээ авсан байна.