Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг өчигдөр холбооны бүгд найрамдах Герман улсын Мюнхен хотноо болсон аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэрээ цахим ертөнцийн хараа хяналтыг сайжруулах тал дээр төрийн оролцоо шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Техник технологийн эрин зуунд интернэтийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үүнийгээ дагаад хуурамч мэдээ мэдээлэл газар авч, фэйсбүүк, твиттер зэрэг томоохон компаниудын зүгээс улс төрийн утга агуулгатай зар сурталчилгааг хязгаарлах, хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэх зэрэг багагүй дарамт шахалттай тулгарч байгаа юм.

Тэр дундаа 2 тэрбум 400 сая хэрэглэгчтэй фэйсбүүк компанийн улс төрийн агуулга бүхий зар сурталчилгааны тал дээр баримталдаг бодлого нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа.

Тэр ч үүднээсээ тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн зүгээс төр засгийн тэргүүнүүдэд хандаж, цахим ертөнц дэх хараа хяналтыг сайжруулах шинэ тогтолцооны систем байгуулахыг уриалсан байна.

Тэр хүртэл фэйсбүүк компанийн зүгээс хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байгаагаа мэдэгдээд, 35 мянган хүнтэй баг хиймэл оюун ухааны тусламжтайгаар өдөрт л 1 сая гаруй хуурамч хаяг устгадаг тухай мэдээлжээ.

Хэдийгээр фэйсбүүк компани ийнхүү улс орнуудын засгийн газрыг цахим орчин дахь хараа хяналтаа сайжруулахад идэвхтэй оролцохыг уриалсан ч хүний эрхийн байгууллагуудаас үүнийг засгийн газарт хэт их эрх мэдэл төвлөрүүлж, цаашлаад иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж боох үндэс тавигдана хэмээн болгоомжилж байгаагаа илэрхийлээд байгаа юм.