Барьцалдуулагч бодисын импорттой холбоотойгоор сайжруулсан шахмал түлшний нөөцийн хомсдол үүсэхгүй

Нийслэлчүүд бид агаарын бохирдлын гол эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, сайжруулсан шахмал түлш түлдэг болоод нэг жил  гаруй хугацааг ардаа орхих гэж байна . Нэг галлагааны улирлыг давахад 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш шаардлагатай гэж тооцож байсан ч эрэлттэй холбоотойгоор зарим үед сайжруулсан шахмал түлшний хомсдол бий болоод байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг цэгт өдөрт 8-10 тонн сайжруулсан  шахмал түлш түгээж байгаа,  цаашлаад 10 хоногийн нөөц байгаа гэдгийг мэдэгдлээ.

Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угааж баяжигдсан эрчим хүчний   нүүрс болон холбогч бодис буюу SB гэх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн  шахмал түлшний зориулалттай, цагаан шаргал өнгөтэй хуурай барьцалдуулагч бодис байдаг. Гэвч БНХАУ-д гарсан Коронавирусийн халдварын улмаас тус улсын зарим үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон. Үүний уршгаар импортоос хамааралтай Манай улсын хувьд сайжруулсан шахмал түлшний бүтцийн 2.5 хувьд нь агуулагддаг барьцалдуулагч бодисын импорт зогсох эрсдэлтэй гэх мэдээлэл байсан юм. Тэгвэл одоогоор барьцалдуулагч бодисын импорт хэвийн явагдаж байгаа бөгөөд  сайжруулсан шахмал түлш хэвийн үйлдвэрлэгдэж байна.

Таван толгой түлш компани өдөрт 3000 гаруй тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, хороо бүрд байгуулагдсан 5 цэгээр дамжуулан түгээлт хийж байна. Оройн 17-20 цагийн хороонд дунджаар 8 тонн сайжруулсан шахмал түлш борлуулагдаж дуусдаг байна.

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс үүдсэн угаарын хийн хордлогын улмаас иргэд амь насаараа эрсэдсэн. Улмаар нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг түгээсэн ч угаарын  хийн хордлогод өртөх тохиолдол ойрын өдрүүдэд ч бүртгэгджээ.

Гадна болон дотоодоос шалтгаалах нөхцөлгүйгээр үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа учраас нөөцийн хомсдол үүсэхгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн  цаг агаар дулаарсантай холбоотойгоор иргэдийн галлагаа багасаж байгаа учраас энэ хэрээр эрэлт ч буурж байгаа юм байна.