Шинэ Коронавирусийн эсрэг цусны сийвэн сэлбэх эмчилгээ үр дүнгээ өгч байгааг эрдэмтэд мэдээллээ

Одоогоос 2 сар гаруй хугацааны өмнө БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хот дахь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний захаас анх гарсан Шинэ Коронавирусийн халдвар өдгөө дэлхийн 29 оронд бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 73 мянга даваад байна. Харин халдварын улмаас нас барсан хүний тоо өчигдөр 98-аар нэмэгдсэнээр 1873-т хүрсэн бол эдгэрсэн хүний тоо 12 мянга давсныг Хятадын үндэсний эрүүл мэндийн хороо мэдэгджээ.

БНХАУ-ын эрх баригчдын зүгээс Коронавирусийн тархалттай холбоотойгоор халдварын голомт болоод байгаа Хубэй мужид хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан бол ирэх сард зохион байгуулагдах хувиартай байсан хятадын хууль тогтоох дээд байгууллагын чуулган мөн хойшлогдсоныг Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Одоогоор энэхүү вирусийн эсрэг вакцин болоод эм тариа хараахан гараагүй байгаа ч Шанхай хотын эмч нар эдгэсэн хүмүүсийн цусны сийвэн буюу плазмаг цуглуулан өвчтэй хүмүүст сэлбэх арга хэрэглэсэн нь үр дүнгээ өгч байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн Хятад улсын эрдэмтдийн зүгээс мөн хоёр ч томуугийн эсрэг эмийг өвчтөнүүд дээр туршиж байгаагаас урьдчилсан шатны хариуг ойрын хугацаанд танилцуулна гэдгээ мэдэгдсэн байна. Одоогоор БНХАУ-аас гадна Шинэ Коронавирусийн хамгийн том голомт болоод байгаа япон улсад 3700 хүнтэй аяллын хөлөг онгоцноос Коронавирусийн халдварын 99 тохиолдол нэмж илэрснээр нийт халдвар авсан хүний тоо 454-т хүрснийг эх сурвалжууд мэдээлжээ. Улмаар АНУ-ын зүгээс япон улс руу тусгай үүргийн хоёр ч нисэх онгоц илгээж, Даймонд Принцесс хөлөг дээр энэ сарын эхнээс хөл хорионд ороод байсан 300 гаруй иргэнээ шилжүүлэн авсан байна. Тэдгээр иргэдийг Техас дахь цэргийн баазад 14 хоногийн хугацаатай дахин хөл хорионд байлгана гэж АНУ-ын тал мэдэгджээ.