Франц улсын парламент тэтгэврийн системийн өөрчлөлттэй холбоотой мэтгэлцээнийг эхлүүллээ

Франц улсын парламентын доод танхим өчигдөр тэтгэврийн системд өөрчлөлт оруулах тухай асуудлаар мэтгэлцээн явуулж эхэлсэн байна. Ингэснээр эцсийн шатны санал хураалт ирэх зун явагдах төлөвтэй байгааг ажиглагчид мэдээлжээ.

Франц улсын одоогийн тэтгэврийн систем нь хувийн болон төрийнх зэргээр дотроо 42 төрөлд хуваагддаг бөгөөд Ерөнхийлөгч Эммануэл Макроны зүгээс үүнийг олон улсын жишигт нийцүүлэн үндсэн нэг системтэй олгож, илүү эрх тэгш хүртээмжтэй байлгахаар зохицуулах оролдлого хийж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл энэхүү өөрчлөлтийн хүрээнд жолооч, багш, гал сөнөөгч, хуульч тэргүүтэй бусад салбарын ажилтнуудад олгох тэтгэврийн хэмжээ буурч, тэтгэвэрт гарах нас уртсах эрсдэл үүсэж байгаа нь иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.

Тухайлбал эсэргүүцлийн хөдөлгөөний хүрээнд үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялт зарласны улмаас тус Улсын галт тэрэг, Метро, Автобус зэрэг нийтийн тээврийн үйлчилгээнд хүндрэл бэрхшээл тулгарч, олныг хамарсан эмх замбараагүй байдал газар аваад байсан юм.  Үүнтэй холбогдуулаад Франц улсын эрх баригчид үйлдвэрчний эвлэлүүдийг ажил хаялтаа зогсоохыг уриалж, тэдний зарим шаардлагад уян хатан хандаж, тэтгэврийн насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэх шийдвэрээ буцаан татаж байгаагаа мэдэгдсэн ч тэмцэгчдийн зүгээс засгийн газартайгаа зөвшилцөлд хүрэх хүртэл эсэргүүцлийн жагсаалуудаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна. Энэ удаагийн ажил хаялттай холбоотойгоор олон нийтийн дунд явуулсан санал хураалтын дүнгээр санал өгсөн иргэдийн 69 хувь нь ажил хаялтыг дэмжсэнээс тэдний дийлэнхийг 18-39 насны залуучууд эзэлж байгааг албаныхан мэдээлжээ.