2020 оны 1-р сард манай улсын нүүрс, газрын тосны борлуулалт 40-51.7 хувиар буурчээ

2020 оны төсвийн төсөлд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар тусгасан. Гэвч коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж дэлхийн эдийн засагт гарч буй өөрчлөлттэй холбогдуулан энэ оны эхний сарын зарим статистик үзүүлэлтээр төсвийн орлого өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ мэтчилэн эдийн засгийн үзүүлэлт буурч байгаа нь төсвийн тодотгол хийх шаардлага үүсгэж магадгүй байна.

Манай улсын хувьд нийт экспортын 90 орчим хувийг БНХАУ-д нийлүүлдэг. Гэвч коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын үйлдвэрлэлийн гол цэг болох Ухань хот карентинд ороод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тус улсын үйлдвэрлэл, үйлчилгээний салбар зогссон. Манай улсын хувьд ч мөн адил урд хилээ бүрэн хааж иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлан аялал жуулчлалыг зогсоосон.

ҮСХ-ны нэг сарын дүнгээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн урьдчилсан гүйцэтгэлээр 483.9 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 528.6 тэрбум төгрөг болж, улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 44.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Мөн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох  төмрийн хүдэр, хайлуур жонш, хүрэн нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, чулуун нүүрс зэрэг бүтээгдэхүүний олборлолт өмнөх оны мөн үеэс 3.2-36.3 хувиар буурсан байна. Шалтгаан нь  нүүрс олборлолтын салбарын борлуулалт 51.7 хувиар, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 40 хувиар буурсан нь голчлон нөлөөлжээ. Тэгвэл 2020 оны төсөвт хэт өөдрөг төсөөлөлтэй том тоо тавьсан нь эхний улиралдаа хүрэхгүй ч байх нөхцөл бүрдүүлж байна. Мөн нүүрс экспортоо зогсоосон, агаарын болон зорчигч тээврийн урсгалыг зогсоосон зэргийн дараа төсөвт доголдол үүсэх магадлалтайг эдийн засагчид хэлж байсан юм.

Мөн 2020 онд манай улс нэг сая жуулчин хүлээж авахаар төлөвлөсөн. Тэгвэл өвчний тархацгүй орны тоонд орсон нь эргээд жуулчдаа нөхөж авах боломж бүрдүүлнэ гэж салбарын сайд үзэж байгаа бөгөөд  Европийн улсуудад идэвхжүүлэлт хийнэ гэлээ.

Харин төсөвт тодотгол хийх тухай төсвийн тухай хуульд тодорхой нөхцөлүүдийг заасан. Одоогоор энэ түвшинд хүрээгүй бөгөөд тодотгол хийх хэмжээний судалгаа гараагүй гэж сангийн  дэд сайд тайлбар өгсөн.

Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдал манай улс зарласан хэдий ч өвчний тохиолдол илэрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинг ахиулах нь тодорхой. Тэр үед дотоодын үйлдвэрлэл ч зогсох эсэх нь тодорхойгүй. Дэлхийн эдийн засгийн манлайлагч улсуудын уналт манай улсад нөлөөлөх нь дамжиггүй.