Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр хуульчилсан. Тэгвэл "Эрдэнэс" бонд гаргах ажил албажиж, сар шинийн өмнө тэтгэврийн зээл тэглэх асуудлыг эцэслэхээр болжээ.

Эргэн сануулбал шинэ он эхлэхтэй зэрэгцэн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэхээр болсон. Улмаар өнгөрөгч 1-р сарын 10-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан.

Ингэснээр 6 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байсан 228 мянган иргэний зээлийг тэглэж, 192 мянган ахмад настанд нэг сая төгрөгийн эрхийн бичиг олгохоор шийдвэрлэсэн. Харин нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмадад зээлийн үлдсэн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх эрхийн бичиг олгохоор болсон. Мөн огт тэтгэврийн зээл аваагүй иргэдэд биет хэлбэрийн бонд олгох шийдвэр гарсан юм. Тэгвэл бонд гаргахын тулд хөгжлийн банк баталгаа гаргаж байгаа бөгөөд одоогоор "Эрдэнэс" бонд бэлэн болсон байна. Харин арилжааны банкуудтай гэрээ хийх шатандаа явж байсан ажил хэлэлцэгдэж, холбогдох ажлын хэсэг бондын асуудлаар шийдэлд хүрчээ.

Тэтгэврийн зээл аваагүй 194 мянган иргэнд олгох "Эрдэнэс" бондыг иргэдэд ирэх оны 5-р сард олгох юм байна.