Шинэ коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 2000 даваад байна

Ковид-19 буюу шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 75 мянгад хүрч, нас барсан хүний тоо 2,000 даваад байна. Одоогийн байдлаар эх газрын Хятадаас гадна вирусийн халдвараар нас барсан хүний тоо тав байгаагаас Хонконг, Тайвань, Япон, Филиппин, Франц зэрэг улсад бүртгэгдээд байгаа юм.

Хятад улсын халдварт өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвөөс өчигдөр вирусийн тархалт дэгдсэнээс хойших хамгийн том судалгааны тайланг танилцуулж, нийт халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь харьцангуй хөнгөн хэлбэрээр тусч байгаа бол архаг хууч өвчтэй болоод ахмад настнуудад хамгийн хүндээр тусч байгаа талаар мэдээлжээ.

Түүнчлэн эмнэлгийн ажилтнууд өндөр эрсдэлтэй бүлэгт хамрагдаж байгааг онцолсон байна. Тэр дундаа халдварын голомт болоод байгаа Хубэй мужид 1700 гаруй эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл байгаагаас өчигдөр буюу мягмар гарагт Ухань хотын эмнэлгийн дарга Лиу Зиминь вирусийн халдварын улмаас 51 насандаа таалал төгссөнийг Синьхуа агентлаг мэдээлжээ.

Одоогоор Хятад улсын эрдэмтэд халдварын тархалтыг 2-р сарын сүүл үе гэхэд оргил үедээ хүрнэ хэмээн тооцоолоод байгаа ч Япон улсын эрдэмтэн Хироши Нишиурагийн зүгээс халдварын тархалтын оргил үе 3-р сараас 5-р сарын хооронд болно гэдгийг мэдээлээд байгаа юм.

Хэрэв түүний тооцоолол үнэн бол оргил үедээ халдварын шинэ тохиолдол өдөрт л 2 саяар нэмэгдэх төдийгүй Хятад улсын нийт хүн амын 40 хувь нь коронавирусийн халдвар авна гэж тооцоолжээ.

Одоогоор энэхүү вирусийн эсрэг вакцин болоод эм тариа хараахан гараагүй байгаа ч шанхай хотын эмч нар эдгэсэн хүмүүсийн цусны сийвэн буюу плазмаг цуглуулан өвчтэй хүмүүст сэлбэх арга хэрэглэсэн нь үр дүнгээ өгч байгаа талаар мэдээлсэн байна.

Түүнчлэн Хятад улсын эрдэмтдийн зүгээс мөн хоёр ч томуугийн эсрэг эмийг өвчтөнүүд дээр туршиж байгаагаас урьдчилсан шатны хариуг ойрын хугацаанд танилцуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.