АНУ-ын тэрбумтан Илон Маск "Тесла" компанийн Европ тив дэх анхны үйлдвэрийг холбооны бүгд найрамдах Герман улсад байгуулахаар төлөвлөснөө өнгөрөгч онд зарлаж байсан юм.
Тэгвэл Тесла компанийн шинэ үйлдвэрийн барилгын ажилд зориулан Бранденбург мужийн ой модыг сүйтгэж байна гэсэн шалтгаанаар нутгийн иргэд гомдол гаргасны дагуу Берлин хотын шүүхээс Тесла компанийг барилгын ажил явуулахыг нь түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ.
Тесла компанийн тухайд Европ дахь анхны үйлдвэрээ байгуулахаар герман улсын Бранденбург мужид 300 га талбайг худалдан авсан бөгөөд ирэх жил гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн Тесла компанийн үйл ажиллагааг улам тэлэх үүднээс инженерийн болоод дизайны төвүүдийг нэмэлтээр байгуулна гэж тус компанийн үүсгэн байгуулагч Илон маск мэдэгджээ.
Одоогоор тус компанийн тухайд хилийн чанад дахь анхны үйлдвэрээ цахилгаан автомашины хамгийн том зах зээлд тооцогддог БНХАУ-д байгуулж, Модел 3 загварын автомашинуудаа аль хэдийн үйлдвэрлэлтэд оруулж эхэлснээ өнгөрөгч оны сүүл үед мэдэгдсэн.
Тэгвэл хилийн чанад дахь хоёр дахь үйлдвэрээ европ дахь автомашин үйлдвэрлэлийн төв болсон Герман улсад байгуулахаар шийдвэрлэсэн нь Европын зах зээлд цахилгаан автомашины эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа үетэй уялдаж байгааг мэргэжилтнүүд онцлоод байгаа юм.