БНХАУ-д шинэ коронавирусийн халдварын тархалт буурсан ч бусад улс орнуудад нэмэгджээ

БНХАУ-д шинэ коронавирусийн халдварын тархалт сүүлийн хоёр хоногийн хугацаанд харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа ч эсрэгээрээ япон, өмнөд солонгос зэрэг улсуудад шинээр халдвар авагсдын тоо нэмэгдсээр байна.

Тухайлбал Өмнөд Солонгост өчигдөр 52 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 156-д хүрсэн бол шинэ коронавирусийн улмаас хүний амь нас үрэгдсэн анхны тохиолдол мөн өчигдөр бүртгэгдсэнийг албаныхан мэдээлжээ.

Одоогоор халдвар авсан хүмүүсийн дийлэнхийг 2.5 сая хүн амтай Тэгү хотын оршин суугчид эзэлж байгаагаас тэр дундаа христийн сүмийн цуглаанд оролцсон хүмүүс эзэлж байна. Үүнтэй холбогдуулаад эрх баригчдын зүгээс Тэгү хотыг тусгай удирдлагын бүс болгон зарлаж, оршин суугчдыг амны хаалт зүүхийг зөвлөөд байгаа бол Сөүл хотын удирдлагуудаас мөн олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Харин хятад улсаас гадна шинэ коронавирусийн хамгийн том голомт болоод байгаа япон улсын Даймонд принцесс хөлөг онгоц дээр халдвар авсан 612 хүн илрээд байсан ч 14 хоногийн хөл хорио дууссан тул шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан хүмүүсийг эхнээс нь буулгаж эхлээд байгаа юм.

Тэгвэл тус хөлөг онгоцноос иргэдээ шилжүүлэн аваад байгаа АНУ, австрали тэргүүтэй орнуудад тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс нь халдвар илэрсэн тухай мэдээлсэн байна. Улмаар АНУ-ын зүгээс япон улсыг халдварын тархалтыг зогсоох тал дээр хангалттай арга хэмжээ авч чадаагүй хэмээн шүүмжилжээ.