Жулиан Ассанж Франц улсаас орогнол эрэхээр төлөвлөж байна

Викиликс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн өмгөөлөгчдийн баг Франц улс руу түүнийг шилжүүлж, улс төрийн орогнол хүсэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлсэн байна.

Учир нь Жулиан Ассанжид холбогдох шүүх хурал ирэх долоо хоногт Лондон хотод эхлэх төдийгүй энэ шүүх хурлаар түүнийг ану-руу шилжүүлэх тухай асуудлыг мөн шийдвэрлэхээр товлоод байгаа юм.

Их британийн засгийн газраас хэрвээ Жулиан Сссанжийг АНУ-руу  шилжүүлэн өгөхөөр болбол төрийн нууц мэдээллийг задруулсан хэргээр 35 жилийн хорих ял сонсох магадлалтай байгааг ажиглагчид мэдээлж байна.

Жулиан Ассанжийн тухайд 2012 онд  бэлгийн хүчирхийллийн хэрэгт нэр холбогдон, их британид батлан даалтаар суллагдах үедээ Швед улсад шилжүүлэгдэхээс  зугтаж, сүүлийн 7 жилийн хугацаанд Их британи дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байсан юм.

Гэвч түүнийг өнгөрөгч 4-р сард Эквадор улсын ерөнхийлөгч Ленин Морено элчин сайдын яаманд орогнож байх хугацаандаа олон улсын протоколыг удаа дараа зөрчиж, улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг завдсан хэрэгт буруутган улс төрийн орогнолыг нь цуцлах шийдвэр гаргасан юм.

Улмаар их британийн шүүхээс Жулиан Ассанжид батлан даалтын гэрээг зөрчсөн хэргээр 50 долоо хоног буюу 11 сарын хугацаатай хорих ял оноосны дагуу тэрбээр одоо Лондон хот дахь Белмаршийн шоронд хоригдож байна.