Газраа чөлөөлсөн иргэд орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа

Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн орон сууцны корпораци газраа орон сууцаар солих ажлыг санаачлан өнгөрөгч 11-р сард эхлүүлсэн. Тэгвэл газраа чөлөөлж орон сууцаар солих хүсэлтээ өгсөн 310 гаруй иргэний төлөөлөл орон сууцны түлхүүрээ гардан авсан.

Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөх ажлыг төвийн 4 дүүргийн 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарыг хамруулан хийх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл дээрх бүсэд амьдардаг гэр хорооллын 20 мянга гаруй өрх газар чөлөөлөлтөд хамрагдаж орон сууцтай болох боломжтой юм.  Тэгвэл өнгөрсөн хугацаанд 5 байршилд иргэд нэгдэн газраа чөлөөлж орон сууцаар солих хүсэлт ирүүлсэн байна.

Иргэдийн хувьд 24 байршилд газраа чөлөөлж орон сууцаар солих хүсэлтээ нийслэлийн орон сууцны корпорацид өгснөөр зах зээлийн нөхцөл байдлын судалгаа явуулж хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар газрын эздийн өмч хөрөнгийг үнэлүүлэх юм.

Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй талбайд, газрын эздийн 100 хувь хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлтээ гаргаж газраа орон сууцаар солих боломжтой юм.