Энэтхэг улсад шашны мөргөлдөөний улмаас 32 хүн амь үрэгджээ

Өнгөрсөн жилийн сүүлээр Энэтхэг улсын засгийн газар Исламын шашингүй иргэдэд цагаачлал олгох тухай хууль баталснаас үүдэн  олон нийтийг хамарсан үймээн самуун газар авч, Исламын болон Хинди шашинтнуудын хооронд сүүлийн 4 хоног дараалан гарсан мөргөлдөөний улмаас 27 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Улмаар албаныхны зүгээс 100 гаруй хүнийг баривчлан саатуулсан төдийгүй үймээн самууныг намжаах үүднээс хэв журам сахиулах ажилд цэрэг цагдаагийн алба хаагчдыг дайчлан, хөл хорио тогтоох арга хэмжээ авчээ.

Хэдийгээр Энэтхэг улсын эрх баригчдын зүгээс энэхүү хууль нь Бангладеш, Пакистан, Афганистан зэрэг Исламын шашинт иргэд зонхилдог хөрш зэргэлдээх улсуудаас шашин шүтлэгээрээ гадуурхагдаж дүрвэсэн хүмүүст иргэншил олгох зорилготой хэмээн тайлбарласан ч иргэдийн зүгээс үүнийг шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхсан шийдвэр хэмээн шүүмжлээд, Исламын шашинт иргэдийн эсрэг чиглэгдсэн далдуур явуулга хэмээн эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн шүүмжлэгчдийн зүгээс энэхүү хуулийг Хинди шашныг түгээн дэлгэрүүлж, Энэтхэг улс дахь Исламын шашинт 200 сая иргэнийг хавчин шахах зорилготой ерөнхий сайд Нарендра Модигийн бодлого хэмээн үзэж байгаагаа мэдээлсэн байна.

Энэхүү хуультай холбоотойгоор Энэтхэг улсад үүссэн шашны мөргөлдөөний улмаас Хинди шашинтнууд Мусульманчуудын  орон гэр, мөргөлийн сүм, дэлгүүр хоршоодыг галдан шатаасан хэрэг гарч, мөргөлдөөний үеэр цагдаагийн 50 гаруй офицер гэмтэж бэртсэний дээр амь насаа алдсан тохиолдлууд ч бүртгэгджээ.

Улмаар улс оронд нь үүссэн эмх замбараагүй байдалтай холбогдуулаад ерөнхий сайд Нарендра Моди 1984 онд Синхүүдийн эсрэг болсон бослого, үймээн самууныг дахин давтах үйлдэл гаргахгүй байхыг ард иргэдээсээ хүссэн байна.