Итали улсад Шинэ Коронавирусийн улмаас 16 сая хүн хөл хорионд орлоо

Өнөөдөр дэлхийн 109 оронд Шинэ Коронавирусийн халдвар илрээд байгаагаас нийт өвчилсөн хүний тоо 110 мянга давж, нас барсан хүний тоо 3828 болж нэмэгдсэн бол эдгэрсэн хүний тоо 62 мянгад хүрчээ. Эдгээрээс 80 мянган хүн халдвар авсан нь тогтоогдоод байгаа БНХАУ-д сүүлийн үед шинээр халдвар авсан хүмүүсийн тоо огцом буурч байгаагаас, өчигдөр л гэхэд 40 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь 1-р сарын 20-ны өдрөөс хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна.

Харин Итали улсад эсрэгээрээ нэг өдрийн дотор 1500 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, 133 хүн нас барснаар нийт халдвар авсан хүний тоо тус улсад 7000 давж, нас барсан хүний тоо 366 болж нэмэгджээ. Хүн амынх нь дийлэнх хувийг өндөр настнууд эзэлдэг Итали улсад Коронавирусээс үүдэлтэй нас баралтын түвшин өндөр байгаатай холбогдуулаад тус улсын Засгийн газраас өчигдөр умард бүсийн Ломбарди болон бусад 4 мужийн 14 дүүрэгт хөл хорионы дэглэм тогтоож, 16 сая хүнийг буюу нийт хүн амынхаа дөрөвний нэгийг хөл хорионд оруулах шийдвэр гаргасан байна.  Түүнчлэн сургууль цэцэрлэгүүдийг амрааж, Бялдаржуулах төв, Музей, Шөнийн цэнгээний газруудыг 4-р сар хүртэл хаах арга хэмжээ авчээ.

Тус улсын тухайд нийт өвчлөгсдийн тоогоороо өчигдөр Өмнөд Солонгос улсыг давж БНХАУ-аас гадна Ковид 19-ийн хамгийн том голомт болж хувираад байсан бол өнөөдөр Өмнөд Солонгост нийт халдвар авсан хүний тоо 3782 болж нэмэгдсэнээр итали улсыг дахин давсан байна. Харин Ойрх Дорнодод Шинэ Коронавирусын төв болоод байгаа Иран улсад өчигдрийн байдлаар 700 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр 6500 гаруй хүн халдвар авсан гэх тоо баримт байгаа юм.