Улаанбаатараас Истанбул хот руу найм хүрэхгүй цагийн хугацаанд шууд нислэг үйлдэнэ

Манай улс Турк улсын хооронд "Туркиш эйрлайнс" компаниар дамжуулан 2012 оны 7-р сарын 2-аас нислэг үйлдэж эхэлсэн. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Улаанбаатараас Истанбул руу Киргизийн Бишкек хотоор дамжин, дундаа 45 минутын зогсолт хийж, жижиг оврын “Боеинг-737” загварын онгоцоор дунджаар 11 цаг зорчдог байжээ. Харин Монгол улс, Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар хооронд байгуулагдсан агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах санамж бичигт хоёр тал 2019 оны 9-р сард хоёр тал гарын үсэг зурсан. Ингэснээр энэ оны 1-р сарын 1-ээс "Туркиш Эйрлайнс" компани “Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар” гэсэн маршрутаар 7 хоногт нийт 800 суудлын хязгаартайгаар нислэг үйлдэх боломж нээгдсэн юм. Ингэхдээ  долоо хоногт 3 удаа “AIRBUS 330-200, 330-300” загварын 250-289  суудал бүхий том оврын онгоцоор шууд нисэж байна. Түүнчлэн зорчигчид Бишкек хотод онгоцноос буух, суух зэрэг хүндрэлтэй байдлыг арилгаж, иргэдийн агаарт өнгөрөөх цагийг гурван цагаар багасгаснаар 8 цагийн хугацаанд Истанбул хотыг зорьж байна.

Туркиш Эйрлансаар дамжуулан Улаанбаатараас Истанбул руу зуны улиралд зорчигчдын 75 хувь орчим гадаад, өвлийн улиралд зорчигчдын 75 хувийг Монголчууд давамгайлдаг.  Истанбул хотоос Европ, Америкийн чиглэл, үүнээс Араб, Африк, Өмнөд Америкийн чиглэлд зорчиход цаг хугацаа, тийзний үнийн хувьд боломжийн байдаг юм байна. Түүнчлэн одоо гараад байгаа Корона вирусээс үйдэлтэйгээр өмнөд хөрш рүү нислэгийн хязгаарлалттай байгаа энэ үед Истанбулаар дамжин аль ч улс руу зорчих боломжтой гарц болж байна.

        "Туркиш Эйрлайнс" компани нь  анх 1933 онд 1 улсын 4 чиглэлд нислэг үйлдэхээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол харин өнөөдөр дэлхийн хамгийн олон орон руу нислэг үйлддэг буюу 126 улсын 320 чиглэл рүү нислэг үйлдэж байна.  Одоогоор нийт 340 гаруй нисэх онгоцтой, дэлхийн хамгийн залуу флоттой авиа компани бөгөөд 2019 оны байдлаар 76 сая зорчигч тээвэрлэжээ. Түүнчлэн Турк улсын тухайд 2018 оны 11-р сард шинэ нисэх буудлын эхний хэсгийг ашиглалтад оруулж, 2019 оны 4-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа бөгөөд  2023 он гэхэд жилдээ 200 сая зорчигч хүлээн авах чадалтай юм байна.