Дэлхийн зах зээлд нефтийн үнэ 30 америк доллар хүртэл буурч, олборлогч орнуудын үнийн дайн эхэлжээ

Коронавирусийн тархалтаас шалтгаалж дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ аажмаар унаж эхэлсэн. Тэгвэл дэлхийн зах зээлд  ердөө сарын өмнө 53 америк доллар байсан нефтийн үнэ өнөөдөр 30 америк доллар болтлоо буурсан байна. Энэ үзэгдэл нь зөвхөн коронавирусийн тархалтаас шалтгаалаагүй нефть олборлогч орнуудын үнийн дайн эхэлсний дохио гэдгийг эдийн засагчид хэлж байна. Харин манай улсын хувьд шатахууны хомсдол үүсэхгүй гэж судлаачид мэдэгдлээ.

Дэлхийд нефть олборлолтоор Саудын Араб, ОХУ, АНУ, Иран, Мексик, БНХАУ зэрэг орнууд тэргүүлэх зах зээлийг эзэлдэг. Гэхдээ зах зээлийн дийлэнх хувийг ОПЕК-ийн орнууд 30 орчим хувийг, үүн дээр ОХУ 10 хувийг олборлож байна. Үүний дараа АНУ удаалж байна. Гэвч эдгээр улсуудын хувьд өөр өөрсдийн зах зээлээ хамгаалах бодлого байнга явуулсаар иржээ. Мөн цаг үеийн нөхцөл байдал ч бас үүнд нөлөөлж иржээ. Коронавирусийн тархалтыг ДЭМБ-аас зарласнаас нэг сарын дараа нефтийн үнэ бага багаар буурч эхэлсэн байна. 2020 оны нэг сарын 6-нд нэг барель нефть 63,2 ам доллар байсан бол 2 сарын 3-нд нэг барель нефть 49,9 ам доллар, 2р сарын 28нд 44,7 ам доллар, харин 3р сарын 9-ний байдлаар 30,1 ам доллар болтлоо буурсан байна. Судлаачдын хувьд нефтийн үнийн уналтын эхний сарыг коронавирустай холбон тайлбарлаж байсан. Зөвхөн коронавирусаас гадна нефт олборлогч орнуудын үл ойлголцол үүнд нөлөөлсөн байна. Тухайлбал өнгөрөгч долоо хоногт Австрийн Вени хотноо ОПЕК-ийн орнуудын уулзалтаар үнээ бууруулах тохиролцоонд хүрсэн ч ОХУ үнэ бууруулахын эсрэг байр суурьтай хэвээр үлдсэн юм. Үүнээс улбаалж олборлогч орнуудын үнийн дайн эхэлсэн байна.

Манай улс ОХУ-аас дотоодын нефтийн хэрэгцээгээ хангадаг. Тус улс 1 баррель нефтийн үнийг 40 долларт тооцоолж төсөвтөө тусгажээ. Цаашид ч энэ хэмжээгээр үнээ барих төлөвтэй байна. Харин дэлхийн зах зээл дэх үнийн уналт манай улсад эсрэгээрээ үнийн тогтвортой байдал бий болгох юм. Тиймээс өнөөдөр Коронавирусийн тохиолдолтой холбоотой бензин клонкуудад ачаалал үүсгэх шаардлага байхгүй гэж байна

Мөн манай улс өнгөрөгч 12р сард Иран америкийн үл ойлголцолтой холбоотойгоор нефтийн үнэ нэмэгдэх үеэр хейжингийн гэрээг засгийн газар хийж амжсан. Эдгээр болон бусад хүчин зүйл нь цаашид нефтийн, шатахууны үнэ өсөх хомсдол үүсэх нөхцөл бий болгохгүй гэдэг байр суурийг эдийн засагчид баттай хэлж байна.