Ази тивд коронавирусийн халдварын тархалт буурч, барууны улс орнуудад эрчимжлээ

Өдгөө манай улсаас гадна дэлхийн 118 оронд бүртгэгдээд байгаа шинэ коронавирусийн халдвараар 118 мянган хүн өвчилснөөс, 4270 хүн нас барж, 65 мянган хүн эдгээд байна.

Энэ дунд халдварын хамгийн том голомт болоод байсан БНХАУ-д ковид 19-ийн тархалтын оргил үед нэг өдөрт л 10 мянга хүртэл шинэ тохиолдол нэмэгдэж байсан бол энэ сарын эхнээс тасралтгүй буурсаар сүүлийн 24 цагийн байдлаар ердөө 7 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Үүнтэй ЗЭРЭГЦЭЭД БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр халдвар анх илэрсэн Ухань хотод биечлэн очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд вирусийн тархалтыг хятад улс бүрэн хяналтандаа авч, хүнд хэцүү цаг аль хэдийн ард хоцорсон болохыг мэдэгдсэн байна.

Одоогоор Хубэй мужид өнгөрөгч сард тогтоосон хатуу хөл хорионы дэглэм хараахан тавигдаагүй байгаа ч халдвар авсан хүмүүсийг тусгайлан эмчлэх зориулалтаар ашиглагдаж байсан 14 түр эмнэлэг нэг ч өвчтөнгүй болж хаагдсан гэх баяртай мэдээлэл байгаа юм.

Тэгвэл БНХАУ-аас гадна шинэ коронавирусийн халдварын томоохон голомтуудын нэг болоод байсан бүгд найрамдах солонгос улсад нэг өдөрт шинээр бүртгэгдэх тохиолдлуудын тоо мөн л буурч байгаа нь халдварын оргил үе нэгэнт ард үлдсэний илрэл болж байна гэж тус улсын эрүүл мэндийн эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Хэдийгээр ази тивд ийнхүү халдварын тархалт буурч, нөхцөл байдал нааштайгаар эргэж байна гэсэн сайхан мэдээ байгаа ч европ болон ойрх дорнодод халдварын тархалт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна.

Тухайлбал итали улсад өчигдөр шинээр халдвар авсан хүмүүсийн тоо 977-оор нэмэгдэж, нийт халдвар авагсдын тоо нь 10 мянга давсан бол нас барсан хүний тоо нь 631 болж нэмэгджээ.

Улмаар тус улсын засгийн газраас халдварын тархалтыг бууруулахын тулд урьд хожид байгаагүй өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээ авч, Итали улс даяар 60 сая хүнийг хамарсан хөл хорионы дэглэм хэрэгжүүлж эхлээд байгаа юм.