Зах худалдааны төвд ачаалал багасаж, үнэ тогтворжжээ

3-р сарын 10-ны өдөр манай улсад "COVID-19" вирусийн халдварын анхны тохиолдол гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн нь батлагдсан. Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрснийг мэдээлсэн цагаас эхлэн зах худалдааны төвийн худалдан авалт огцом нэмэгдэн үүнийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшид өөрчлөлт оржээ.

Харин өнөөдрийн байдлаар зах худалдааны төвд худалдан авалт ачаалалгүй хэвийн өдрүүдийнхтэй адил байгаа учраас үнэ тогтворжжээ.  Хүчит шонхор зах дээр худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 7 хоногийн өмнөхтэй харьцуулсан мэдээллийг хүргэе.

-2020 оны 3-р сарын 4-ний өдөр хүчит шонхор зах дээр хонины мах кг нь 8300-9000 төгрөг байсан бол өнөөдөр буюу 3-р сарын 11-ний байдлаар 8500-9800 төгрөг, үхрийн мах 7 хоногийн өмнө кг нь 10.000-11.500 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 11.000-12.000 төгрөг байна.

-Үйлдвэрээс хамаарч гурилын үнэ янз бүр байгаа ч хүчит шонхор зах дээр 1-р гурил кг нь 1200 төгрөг байсан бол 7 хоногийн дараах үнэд өөрчлөлт ороогүй байна. Будаа чанар, сортоос хамаарч үнэ янз бүр байгаа ч иргэдийн худалдан авалт ихтэй будаа кг нь 2500-3000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь 7 хоногийн өмнөхөөс өөрчлөгдөөгүй байна.

-Ургамлын тос литр нь 3000-4500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа бол 7 хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар 3200 төгрөгөөр борлуулагдаж байжээ.

-Хүнсний ногооны тухайд 7 хоногийн өмнө хүчит шонхор худалдааны төвд

Төмс 900 төгрөг

Лууван 1500 төгрөг

Байцай 1400 төгрөг

Сонгино 1500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Тэгвэл хүнс, хөдөө, аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд манай улсад өргөн хэрэглээний болон стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох мах гурил хомсдох нөхцөл байдал үүсээгүйг албан ёсоор мэдэгдсэн байдаг.