ДЭМБ-аас шинэ коронавирусийн халдварыг цар тахлын хэмжээнд хүрснийг зарлалаа

Одоогоос 3 сар гаруй хугацааны өмнө БНХАУ-д дэгдсэн Ковид-19 буюу шинэ коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн болохыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай цагаар өчигдөр шөнө албан ёсоор зарлалаа.

Сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд БНХАУ-аас бусад орнуудад вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 13 дахин нэмэгдсэнээр халдварын тархалт хянагдах боломжгүй түвшинд буюу цар тахлын хэмжээнд хүрснийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус мэдэгдсэн байна.

Одоогоор БНХАУ болон өмнөд солонгост шинээр халдвар авсан хүмүүсийн тоо буурснаар Ази тивд ерөнхийдөө халдварын тархалт намжиж байгаа бол барууны улс орнуудад эсрэгээрээ оргил үедээ хүрч байгааг шинжээчид анхааруулсаар байгаа юм.

Энэ дунд вирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа итали улсад энэ долоо хоногт 60 сая хүнийг хамарсан их хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн бол өчигдөр тус улсын эрх баригчид вирусийн эсрэг арга хэмжээнүүдээ улам чангатгаж, энэ сарын 25-ны өдрийг хүртэл  хүнсний дэлгүүр, эмийн сангуудаас бусад бүх үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гаргажээ.

Одоогоор тус улсад нийт халдвар авсан хүний тоо 12 мянга давж, 827 хүн нас бараад байгаа бол 1000 гаруй хүний биеийн байдал хүнд байгаа юм байна. Түүнчлэн Иран улсад мөн нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулаад дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 40 мянган оношлуурыг тус улс руу илгээсэн ч хүчил төрөгчийн аппарат зэрэг бусад шаардагдах төхөөрөмжүүд хомсдолтой байгааг албаныхан мэдээлжээ.

Итали, Иран зэрэг орнуудын адилаар бусад улс орнуудад мөн удахгүй ийм нөхцөл байдал үүсэж болзошгүй тул бэлтгэлээ сайтар хангаж, вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээнүүдээ эрчимжүүлэхийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан байна.