Холливудын нэрт продюсер Харви Вайнштейн 23 жилийн хорих ял сонслоо

Одоогоос 3 жилийн өмнө дэлхийн 85 оронд давалгаалсан бэлгийн хүчирхийллийн эсрэг "Metoo" хөдөлгөөний эхлэлийг тавьсан холливудын нэрт продюсер Харви Вайнштейнд өчигдөр Нью-Йорк хотын шүүхээс 23 жилийн хорих ял оноосон байна.

Нэгэн цагт холливудын хамгийн нэр хүндтэй эрхмүүдийн нэг байсан тэрбээр хэдэн арван жилийн туршид өөрийн доор ажилладаг байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан нь тогтоогдсон юм.

Өдгөө 67 настай Харви Вайнштейний тухайд өчигдөр болсон шүүх хурлын үеэр ялын тогтоолыг сонссоныхоо дараагаар биеийн байдал нь муудсаны улмаас эмнэлэгт хүргэгдэж, зүрхний мэс засалд оржээ.

Түүний өмгөөлөгчдийн багийнхны зүгээс шүүхийн шийдвэртэй огт санал нийлэхгүй байгаагаа мэдэгдээд, давж заалдана гэсэн хариултыг өгсөн байна.

2017 оны 10-р сард Нью Йорк таймс сонинд продюсер Харви Вайнштейнтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэргүүд  анх нийтлэгдсэнээр цахим ертөнцөд “ Метоо” буюу би ч гэсэн гэх хөдөлгөөн эрчийг авч, Харви Вайнштейний эсрэг мэдүүлэг өгсөн эмэгтэйчүүдийн дотор Салма Хайек, Гвинет Палтроу, Анжелина Жоли зэрэг холливудын алдартай  жүжигчид  багтаж байгаа юм.

Харви Вайнштейны зүгээс өөрийгөө бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг өнөөг хэр нь хүлээн зөвшөөрөөгүй ч өөрийнх нь эсрэг гомдол мэдүүлсэн бүх эмэгтэйчүүдэд бие сэтгэлийн зовлон учруулсанд албан ёсоор уучлалт гуйж байгаагаа мэдэгдсэн байна.