Европын орнуудад шинэ коронавирусийн улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас баржээ

Одоогоос 3 сар гаруй хугацааны Өмнөд БНХАУ-ын Ухань хотоос анх дэгдсэн Ковид-19 буюу шинэ коронавирусийн халдвар өдгөө дэлхий  даяар цар тахлын хэмжээнд хүрээд байгаагаас дэлхийн 157 оронд 170 мянга орчим хүн өвчилж, 6516 хүн нас бараад байна.

Өнгөрөгч бямба гарагт дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн халдварын шинэ голомтыг европ тив болсныг зарласны дараахан Итали, Франц зэрэг орнууд нэг өдөрт хамгийн олон хүнээ уг вирусийн халдвараар алдсан тухай BBC агентлаг мэдээлжээ.

Тухайлбал Италид өчигдөр 368 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 1800 давсан бол Испанид 97, Франц улсад 28 хүн нас барсан байна. Түүнчлэн Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсад мөн нэг өдөрт хамгийн олон буюу 14 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо нь 35 болж нэмэгджээ.

Улмаар шинэ коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор европын ихэнх улс орон хөл хорионы дэглэм тогтоон, хилийн хяналтаа чангатгаж, сургуулиудыг амраах, олон нийтийн үйл ажиллагаануудыг хориглох зэрэг арга хэмжээнүүдийг аваад байна.

Бямба гарагийн байдлаар 800 тохиолдол бүртгэгдээд байсан Швейцар улсад 24 цагийн дотор нийт халдвар авсан хүний тоо нь 2200 болж нэмэгдсэн нь европт цар тахалт эрчимтэй нэмэгдэж байгаагийн илрэл болж байна гэж ажиглагчид мэдээлжээ.

Харин АНУ-д өчигдөр 830 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо нь 3773 болж нэмэгдсэн бөгөөд вирусийн нөлөөллөөс эдийн засгаа аврах зорилгоор тус улсын холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ бууруулж, 0-ээс 0.25 хувьд хүргэх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.