Испани улсын эзэн хаан эцгийнхээ өв хөрөнгийг залгамжлахаас татгалзлаа

Испани улсын өмнөх эзэн хаан Хуан Карлос санхүүгийн хууль бус үйлдэл гаргасан хэргээр шалгагдаж байгаатай холбогдуулаад түүний хүү, одоогийн эзэн хаан 6-р Филипп эцгийнхээ өв хөрөнгийг залгамжлахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна.

Баян тансаг амьдралын хэв маягаараа зартай өдгөө 82 настай Хуан Карлосын тухайд 2008 онд Саудын арабын эзэн хаанаас өөрийн оффшор дансанд  100 сая америк доллар авсан хэрэгт нэр холбогдоод байгаа юм.

Тэрбээр 1975 онд генерал Франциско Франког таалал төгссөний дараа испани улсын хаан ширээнд сууж, 39 жилийн турш удирдсан бөгөөд энэ хугацаандаа Каталон, Баскийн бүс нутгуудад тогтвортой байдлыг бэхжүүлэн, 1981 оны төрийн эргэлт хийх оролдлогыг мөн нухчин дарахад гол үүрэг гүйцэтгэсэн хүнээр нэрлэгддэг.

Хэдийгээр тэрбээр ард түмнийхээ дунд нэр хүнд сайтай байсан боловч 2012 онд Ботсвани руу хийсэн ан болон, авлига хээл хахуулийн хэрэгт нэр орооцолдсоноор 2014 онд өөрийн хүү Филипп-д хаан ширээгээ шилжүүлэн өгч байжээ.

Тэгвэл эзэн хаан 6-р Филиппийн зүгээс эцгийнхээ өв хөрөнгийг өвлөн авахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн нь түүнтэй холбоотой авлига хээл хахуулийн хэргүүдээс зайгаа барих гэсэн оролдлого хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Одоогоор Испанийн өмнөх эзэн хаан Хуан Карлосын хэргийг Швейцар улсын талаас мөрдөн шалгаж байгаа төдийгүй испани улсаас түүнд жил бүр олгодог 217 мянган америк долларын тэтгэмжийг зогсоох шийдвэр гаргажээ