Хүүхэд хамгааллын үйлчилгээний 85 хувь нь хүүхдийн тусламжийн 108 утсаар дамждаг

Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний 85 хувийг хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжуулан үзүүлдэг байна. Өнгөрөгч 2019 онд хүүхдийн тусламжийн 108 утас 135 мянга гаруй дуудлага хүлээн авчээ. Тэгвэл шинэ төрлийн Коронавирусийн халдварын хөл хорионы үеэр 108 утасны дуудлагын тоо 20 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хүүхдийн тусламжийн 108 утас нь улсын хэмжээнд хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүүхэд залуучууд, иргэд байгууллагаас ирсэн дуудлага мэдээллийг 24 цагаар хүлээн авдаг. Ингэхдээ сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж, хүүхдийн эрхийн зөрчилд нийгмийн халамжийн үйлчилгээнд холбон зуучлах,  хүүхдийн амь нас эрүүл мэндэд онц ноцтой тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх төрийн үйлчилгээнд холбон зуучилдаг гэлээ. 108 утас 24 цагаар 4 шугамаар дуудлага хүлээн авдаг байна. Тодруулбал мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан 4 оператор 108 утасны дуудлага хүлээн авч шаардлагатай мэдээлэл зөвлөгөө өгч ажилладаг байна. Ингэхдээ хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай үед анхны тусламжийн үйлчилгээ цагдаагийн байгууллага руу дуудлагыг холбон зуучилдаг болохыг холбогдох байгууллагаас мэдээлж байна. Мөн дуудлага хүлээн авдаг сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд хүчирхийлэлтэй холбоотой дараалсан хүнд дуудлага мэдээлэл авсан үедээ сэтгэл зүйн үйлчилгээ авдаг байна.

Өнгөрөгч онд хүүхдийн тусламжийн 108 утас хүүхдийн эрхийн зөрчил хүүхэд хамгааллын 6155 хэргийн тохиолдлыг аймаг дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтэс холбогдох мэргэжилтэн, хамтарсан багт холбон зуучилж, 1240 эрсдэл өндөр дуудлагатай холбоотойгоор арга зүйн зөвлөмж өгч ажиллаж хэргийн шийдвэрлэлт өмнөх оноос 3 дахин нэмэгджээ. Тэгвэл  108 утасны оператортай холбоотой бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсантай холбоотойгоор 108 утасны чанар хүртээмжийг сайжруулах нь зүйтэй гэж иргэдийн зүгээс үзэж байна.