Шинэ коронавирусийн халдвар АНУ-ын бүх мужид бүртгэгдлээ

Дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрээд байгаа коронавирусийн халдвар өнөөдөр дэлхийн 165 оронд бүртгэгдэж, 198 мянган хүн өвчлөөд байна. Улмаар тус вирусийн улмаас нас барсан хүний тоо 7981 болж нэмэгдээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 82 мянга давжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор Ковид 19 халдварын шинэ голомт болж хувираад байгаа европ тивд шинээр халдвар авсан хүмүүсийн тоо өдөр ирэх тусам тасралтгүй нэмэгдэж байгаагаас сүүлийн 24 цагийн байдлаар л гэхэд Итали улсад 3500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо нь 31 мянга давсан байна.

Харин Хятад болон Өмнөд Солонгос зэрэг азийн улс орнуудад халдварын тархалт буурсан хэвээр байгаа бол АНУ-д өчигдөр Вест Виржиния мужид халдвар авсан хүн бүртгэгдсэнээр нийт 50 мужид нь халдвар тархаж, нас барсан хүний тоо нь 100-д хүрчээ.

Улмаар тус улсын засгийн газраас эдийн засгийн хямралыг сааруулахын тулд олон төрлийн арга хэмжээ авч байгаагаас АНУ-ын бүх иргэдэд 1000 америк долларын чек илгээх санал сангийн сайд Стивен Мнучин дэвшүүлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө тус улсын төв банк буюу холбооны нөөцийн сан мөн бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авсан юм.

Одоогоор халдвар авсан хүний тоогоороо Хятад болон Итали улсын араас 3-рт бичигдэж байгаа Иран улсад халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 1178-аар нэмэгдэж, 16 мянга давсан бол нас барсан хүний тоо нь 135-аар нэмэгдэн 988 болсон байна. Энэ дунд Иран улсын 12 улс төрч нас барсны зэрэгцээ хамгийн сүүлд л гэхэд тус улсын шашны тэргүүн 78 настай Аяатолла Хашем вирусийн халдвар авснаасаа хойш хоёр хоногийн дараа таалал төгссөн болохыг тус улсын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.