ОХУ-ын үндсэн хуулийн цэц үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжжээ

ОХУ-ын үндсэн хуулийн цэц үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнээр ерөнхийлөгч Владимир Путин Орос улсын төрийг 2024 оноос хойш үргэлжлүүлэн удирдах боломж нээгдэж байна.

Энэ сарын эхэнд оросын төрийн Думын гишүүн, зөвлөлтийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешкова ерөнхийлөгч Владимир Путины бүрэн эрхийн хугацааг тэглэх саналыг парламентад дэвшүүлсний дагуу , гишүүдийн дунд санал хураалт явагдан, олонхийн саналаар дэмжигдсэн байдаг. Тухайн үед ерөнхийлөгч Владимир Путин үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдээд хэрэв үүнийг үндсэн хуульд харшлахгүй гэж үзвэл дахин өрсөлдөхөд бэлэн байгаагаа уламжилж байсан юм.

Тэгвэл  үндсэн хуулийн цэцээс ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх нь хуульд нийцнэ гэж үзсэн нь 1998 онд Борис Ельцинийг гурав дахь удаагаа сонгуульд өрсөлдөхийг хориглож байсан байр сууринаасаа ухарсныг илтгэж байна гэж ажиглагчид дүгнэсэн байна.

Одоогоор үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг ирэх 4-р сарын 22-ны өдөр бүх нийтийн дунд санал хураалт явуулан эцэслэн шийдвэрлэхээр товлосон бөгөөд хэрэв тус санал хураалтаар иргэд үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг дэмжвэл ерөнхийлөгч Владимир Путин 2024 он гэхэд бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад дахин 2036 он хүртэл буюу 83 нас хүртлээ Орос улсын төрийг удирдах боломж нээгдэж байгаа юм.

ОХУ-ын ерөнхийлөгчөөр анх 2000 онд сонгогдож байсан ерөнхийлөгч Владимир Путины тухайд 2008 онд дөрвөн жилийн хугацаатай ерөнхий сайдын албан тушаалыг хашиж, үүнийхээ дараагаар хоёр ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан бөгөөд Иосеф Сталинаас хойш Орос улсын төрийг хамгийн олон жил удирдсан төрийн тэргүүнээр нэрлэгддэг байна.