Мөнгөний бодлогын хүүг бууруулсан нь эдийн засагт дэмжлэг үзүүлэхгүй болохыг эдийн засагчид хэлж байна

Улсын төсөв энэ оны эхний хоёр сард 120.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч экспортын үзүүлэлт буурчээ. Тэр дундаа уул уурхайн салбарын үйлдвэрлэл 439,2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Хэдийгээр улс төрийн намууд, болон эдийн засагчид, бизнесийн төлөөллийн зүгээс УИХ-ын дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эдийн засгийг  дэмжих арга хэмжээний талаарх саналууд хүргүүлсэн ч эцсийн шийд гараагүй байна. Мөн сангийн сайд төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэсэн  хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1,5 их наяд төгрөг, үүнээс тэнцвэржүүлсэн орлого тусламж нь 1,4 их наяд төгрөг болжээ. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1,5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ бол зөвхөн эхний хоёр сарын үзүүлэлт цаашдаа эхний улирлын дүнгээр эдийн засгийн гол үзүүлэлтүүд буурах нь тодорхой болсныг эдийн засагчид үзэж байгаа юм. Хэрэв цаашид энэ байдал хэвээр үргэлжилбэл 250 мянган иргэн ажлын байргүй болох эрсдэлтэй байна. Тиймээс бизнесийн байгууллагын дунд судалгаа явуулсны үндсэн дээр  МҮХАҮТ-аас 10 гаруй саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Эдгээр саналаас мөнгөний бодлогын хүү, ЖДҮ-чидэд дэмжлэг үзүүлэх зарим асуудлууд шийдэгдэж байгаа ч эцсийн үр дүн гараагүй байна.

Хэдийгээр төр засгаас хорио цээрийн дэглэм тогтоон эрүүл мэндийн салбар руу чиглэсэн тодорхой арга хэмжээ авч Монголбанкны мөнгөний бодлогын хороо мөнгөний бодлогын хүүг бууруулсан ч дорвитой үр дүн гарахгүй гэж байна.

Харин Монголын банкны холбооны зүгээс төрөөс тодорхой хэмжээний мөнгө арилжааны банкуудад олговол бизнесийн байгууллагуудын хүсэж байгаачлан зээлийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэж үзэж байна.  Эдийн засагчдын таамаглаж байгаагаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2020 оны эцэст 5,8-6 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан бол коронавирусийн улмаас эдийн засгийн өсөлт 4,9 хувьд хүрэхээр байна. Харин манай улсын эдийн засгийн өсөлт нэг хувиас хэтрэхгүй гэж таамаглажээ.