Хорватын нийслэл Загреб хотод 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хорват улсын нийслэл Загреб хотод сүүлийн 140 жил гараагүй хүчтэй газар хөдлөлт болсны улмаас байшин барилгууд нурж сүйдэн, 17 хүн гэмтэж бэртсэн байна. Одоогоор гэмтсэн хүмүүсийн дотор байшингийн нурангид дарагдсан 15 настай хүүхдийн биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар ням гарагийн өглөөний 6 цагт болсон бөгөөд гудамжинд айж сандралдан бужигнаж байсан оршин суугчдыг гэр гэртээ орохыг онцгой байдлын газраас шаардсан байна. Учир нь тус улсад шинэ Коронавирусийн 254 тохиолдол бүртгэгдээд байгаагийн улмаас нийслэл Загреб хотын зарим газруудаар хөл хорионы дэглэм хэрэгжиж эхлээд байгаа юм.

Тэгвэл вирусийн тархалттай зэрэгцээд газар хөдлөлтийн гамшигт давхар өртсөнтэй холбогдуулаад холбогдох албаныхны зүгээс иргэдийг аль болох тайван байж, нэг дор олноороо цуглахгүй байхыг анхааруулжээ. Одоогоор газар хөдлөлтөөс үүдэлтэй хор хохирлыг бууруулж, нурж сүйдсэн барилга байгууламжуудыг цэвэрлэх ажилд цэргийн алба хаагчдыг дайчлан ажиллуулах шийдвэр гаргасан бөгөөд 5-с дээш хүн нэг дор цуглахыг хориглож, иргэдийг бие биеэсээ дор хаяж 2 метрийн зай барих журам гаргасан байна.