Шинэ Коронавирусийн халдвар дэлхийн 192 оронд бүртгэгдлээ

Өнгөрсөн оны 12-р сард БНХАУ-ын Ухань хотоос анх дэгдсэн Ковид-19 буюу шинэ Коронавирусийн халдвар өдгөө дэлхийн 192 оронд бүртгэгдэж, 337 мянган хүн халдвар аваад байна. Улмаар тус вирусийн халдвараар 14.641 хүн нас барсан бол 98 мянган хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар халдварын дэгдэлт азийн улс орнуудад харьцангуй намжсан ч барууны орнууд тэр дундаа Итали, АНУ, испани зэрэг орнуудад өдөрт л хэдэн мянган хүн шинээр халдвар авч, хэдэн зуун хүн үрэгдсээр байна.

Улмаар зарим улсуудад амьсгалын аппарат, амны хаалт, хамгаалалтын  хувцас хэрэглэлүүдийн дутагдал үүсэж, эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаатай холбогдуулаад үзэсгэлэнгийн танхим зэргийг эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхлээд байгаа юм. Энэ дунд нас баралтын түвшин хамгийн өндөр байгаа Итали улсад энэ сарын эхнээс 60 сая хүнийг хамарсан хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн ч шинээр халдвар авсан хүний тоо буурахгүй байгаа нь хөл хорио тогтоохоос ч өмнө олон хүн халдвар авсантай холбоотой гэж тус улсын Онцгой комисс мэдэгдсэн байна.

Өчигдрийн байдлаар л гэхэд тус улсад шинээр халдвар авсан хүний тоо 5500-аар нэмэгдэж, 59 мянга болсон бол нийт нас барсан хүнийх нь тоо 5400 давжээ. Түүнчлэн сүүлийн үед халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа АНУ-д өчигдрийн байдлаар 9000 гаруй хүн шинээр халдвар авч, нийт халдвар авсан хүнийх нь тоо 33 мянга давсан бол, 419 хүн нас барсан байна. Улмаар тус улсын эрх баригчдын зүгээс өчигдөр Охайо, Луйзиана, Делавар зэрэг мужуудад нэмэлтээр хөл хорионы дэглэм тогтоосноор нийт хүн амынх нь гуравны нэг буюу 101 сая хүн хөл хорионд оржээ. Үүний нэгэн адилаар Герман, Франц зэрэг Европын орнууд мөн хөл хорионы дэглэмийг чангатгаж, Герман улсын канцлер Ангела Меркелийн зүгээс халдварын тархалтыг зогсоохын тулд нэг гэр бүлийн гишүүдээс  бусдаар олон нийтийн газарт 2-с дээш хүн  цуглахыг хориглох шийдвэр гаргасан байна.