Мөнгөний бодлогын хүүг бууруулах, зээлийн хугацааг хойшлуулах нь эдийн засагт хангалттай дэмжлэг болохгүй

      Өнгөрсөн оны 12-р сард БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод илэрсэн Коронавирусийн халдвар өнөөдөр дэлхийн 190 гаруй оронд эрчимтэй тархаад байна. БНХАУ бол дэлхийн эдийн засгийн хоёрдогч том гүрэн. Гэвч өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын эдийн засгийн өсөлт буурахыг олон улсын судлаачид хэлж байна. Энэхүү нөхцөл байдал зөвхөн Хятад улсаар зогсохгүй  Манай улсад ч хүндээр нөлөөлөөд байна. 

-Дэлхийн эдийн засгийн өсөлт 2012 онд 3.4 хувь байсан бол 2019 онд 3.9 хувь болж нэмэгдсэн байна. Тэр дундаа 2019 онд гэхэд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6.4 хувь, хөгжиж байгаа азийн орнуудын өсөлт 6.6 хувь, ОХУ 1.5 хувь, АНУ 2.5 хувийн өсөлттэй байжээ.

-Гэвч Шинэ Коронавирусийн тархалттай холбоотойгоор эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас энэ онд олон улсын эдийн засгийн өсөлтийг 2020 онд  2.9  хувь байна  гэж урьдчилан тооцоолж байсан ч өвчний нөхцөл байдлаас  шалтгаалан  2.4 хувь болж буурч байгааг мэдэгджээ. Хэрэв вирусийн тархалт цаашид намжихгүй бол дээрх тоо 1.5 хувь хүртлээ буурах эрсдэлтэйг анхааруулсан байна.

-Харин БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2020 оны эцэст 5.8-6 хувьд хүрнэ гэж олон улсын банк санхүүгийн байгууллагууд таамаглаж байсан. Гэвч эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гаргасан судалгаагаар халдварын тархалтын улмаас Хятад улсын эдийн засгийн өсөлт 1  хувиар буурч 4.9 хувьд хүрнэ гэж таамаг гарчээ. 

-Тэгвэл Монгол улсын эдийн засгийн өсөлт  нэг хувиас хэтрэхгүй байх төлөвтэй байна. Учир нь бусад улсаас  хараат,  нийт экспортын 92 хувийг БНХАУ-руу гаргадаг зэрэг шалтгаан нь Манай улсын эдийн засагт хямрал үүсгэж байна.

   Өнгөрсөн хугацаанд МҮХАҮТ,  Бизнесийн байгууллагууд мөн иргэдээс Монголбанк арилжааны банкуудад саналуудыг хүргүүлсэн бөгөөд  эдгээр нь зээлийн хүү, хүүгийн хугацааг хойшлуулах, түрээсийн төлбөрөөс хөнгөлөх, татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг байжээ. Улмаар УИХ-ын дарга Сангийн яам, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд  эдийн засгийг дэмжих арга хэмжээний судалгаа хийх үүрэг өгсөн байна. Ингэснээр өнгөрөгч долоо хоногт Монголбанкны мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 2 нэгж хувиар бууруулж 8,5 хувьд тогтоосон. Мөн энэ сарын 18-нд засгийн газрын ээлжит хуралдаанаар зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр арилжааны банкнууд  хэрэглээний зээлтэй иргэдийн зээлийг 90 хоногийн хугацаанд түр хойшлуулах, харин 121 хоногийн хугацаанд зээлийн ангилал бууруулахгүй байхаар тогтсон юм. Мөн ББСБ, ХЗХ-оо зээлийн хүүгийн төлөлтийн хугацааг хойшлуулахаар болсон юм.

Гэхдээ эдийн засагчдын хувьд өөр гаргалгаа хэлж байна. Зөвхөн дээрх арга хэмжээг аваад эдийн засгийг дэмжиж ажлын байрыг хадгалж чадахгүй, харин төсвийн тодотгол хийхгүй  байлаа гэхэд чухал шаардлагагүй зардлуудын зориулалтын өөрчлөх асуудлыг дэвшүүлж байна.

Зөвхөн уул уурхайгаас гадна, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний салбарууд хохирол үзээд байгаа бол цаашид улсын төсөв алдагдалд орох, 250 000  гаруй хүн ажлын байргүй  болох эрсдэл байгааг анхааруулж байна.