Бизнесийн зээлтэй ААН, иргэд зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах буюу зээлийн эргэн төлөлт, хүүгийн бодолтоо өөрчилж болно

  Энэ сарын 18-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо дахь иргэдийн хэрэглээний зээлийн хүү, зээлийн үндсэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэрийг танилцуулсан. Энэ нь Коронавирусийн халдварын  үед эдийн засгийг дэмжих богино хугацааны арга хэмээн Монголбанкнаас тайлбарласан. Гэвч иргэдийн дунд төөрөгдөл үүсээд байна. Тухайлбал зээлийн үндсэн төлөлт, хүүг гурван сарын хугацаанд огт төлөхгүй гэсэн нь ташаа ойлголт юм байна.

Өнгөрсөн хугацаанд банкнуудад нийт 1000 гаруй иргэн, ААН -ээс 1,5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой хүсэлт тавьсан байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд банкнуудад хандан иргэн, ААН-ийн хүсэлтийг шийдэх боломжтой эсэх асуулга тавьж байсан. Харин Монголын банкны холбооноос арилжааны банкны активын ангилал болон бусад журмуудад хөнгөлөлт үзүүлбэл боломжтой гэж хариу хэлж байсан юм. Тэгвэл санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар активын ангиллын журам, зохистой харилцааны журмуудад өөрчлөлт оруулсан байна. 1-р сарын 31-ээс 2020 оны 7-р сарын 31 өдөр хүртэл тус зохицуулалтыг арилжааны 13 банк мөрдөн ажиллана.  Улсын хэмжээнд 17,9 их наяд төгрөгийн зээл олгогдсон бол нэг, хоёрдугаар сарын дүнгээр 1,5 их наяд төгрөг нь чанаргүй зээлд хамаарч байна. Мөн чанаргүй зээл 0,6 хувиар өссөн байна. Тэгвэл зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаагаар өөрчлөлт оруулснаар хэрэглээний зээл буюу Ипотек, Цалин, Тэтгэвэр, бусад хэлбэрээр олгосон зээлүүдэд нэг сарын 31-с 7-р сарын 31 хүртэл зээлийн ангилал буурахгүй. Харин зээлийн хугацаанд зээлээ төлж чадаагүй иргэдийн зээлийн ангилал буурахгүй чанаргүй зээлийн ангилалд оруулахгүй буюу торгууль тооцохгүй гэсэн үг. Харин зээлээ төлөх боломжгүй болсон иргэд өмнөх зээлийн хугацаанд нэмж гурван сарыг нэмснээр заасан хугацаанд зээлээ төлөх учиртай. Өөрөөр хэлбэл иргэн таны зээл  3р сард дуусах ёстой байсан ч гэрээний хугацаагаар зээлээ төлж чадахгүй бол үндсэн зээлийн хугацаанд нэмж 3 сар бодогдож улмаар нэмэгдсэн хугацаандаа багтаж зээлээ заавал төлнө. Гэхдээ хүүгийн хөнгөлөлт эдэлж болно гэж байна.

Харин бизнесийн байгууллагын хувьд мөн дэмжлэг олгогдож байгаа. Бизнесийн зээлтэй ААН, иргэн зээлийн бүтцэдээ өөрчлөлт хийх боломжтой. Энэ нь банктай тохиролцон зээлийн график, хүүгийн бодолтод хөнгөлөлт эдэлнэ. Энэ нь давуу тал олгож байна. Учир нь зээлийн бүтцийг тэр бүр өөрчлөх боломж байдаггүй харин бизнес эрхлэгчид банктай тохиролцоно.